Одоогоос жил гаруйн өмнө буюу 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр Х.Нямбаатарыг Хотын даргаар томилсон байдаг. Тэрбээр Хотын даргаар ажиллаж эхэлснээсээ хойш нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэрээр иргэдийн үндсэн эрхийг доройтуулах, татвар нэмэх, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах арга хэмжээг авч ирсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэсээр байгаа юм.
ВИДЕО:
-ТҮГЖРЭЛГҮЙ БОЛОХ ШИНЭ САНААЧИЛГАД БУС ИРГЭДИЙГ МАШИН УНУУЛАХГҮЙД АНХААРДАГ ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫН ШИЙДВЭРТ ЗАРИМ ИРГЭД БУХИМДАВ -
Тухайлбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарыг дуустал бүтэн сар гаруйн хугацаанд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж хүний өмчтэй байх эрхэнд ноцтой халдсанаас гадна өвлийн хүйтэнд иргэдийг унаа тэргээ унах боломжгүй болгосон байдаг. Дээрхээс гадна "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, автозамын түгжрэлийг бууруулах" хуулийг батлуулж, энэ хүрээнд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг НИТХ-аар гаргуулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй болж үр дүнд нь 20 мянган төгрөгөөр зарагдаж байсан улсын дугаарыг өнөөдөр 1.5-50 сая төгрөгөөр зарж байна. Цаашлаад Улаанбаатарт 48 цагаас илүү хугацаагаар зорчсон хөдөө орон нутгийн тээврийн хэрэгслээс хоног тутамд 5000 төгрөгийн хураамж авдаг болж, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг одоо мөрдөж буй тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоосон. Х.Нямбаатарын энэ шийдвэрийн үр дүнд приүс машины албан татвар 36 мянгаас 108 мянга, зам ашигласны хураамж 20 мянгаас 100 мянган төгрөг хүртэл нэмэгдлээ. Энэ мэт дэд бүтэц, зам харгуйг сайжруулах шинэ шийдэлгүй Хотын дарга Х.Нямбаатар зөвхөн иргэдийн машин унахтай л тэмцэж буй нь олон хүний дургүйцлийг хүргэлээ.
Хамгийн сүүлд тэрбээр өөрийн цахим хуудастаа "Нийслэлчүүдийг алх, автобусаар яв" зэргээр пост оруулсан нь хүмүүсийн дургүйцлийг маш ихээр хүргэж олон нийтийн сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэв. Тэгвэл энэ талаар зарим иргэдийн төлөөлөл ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Тухайлбал, хүний эрхийн зөрчилд мэдрэмжтэй ханддаг иргэдийн төлөөлөл болох Комедиан Д.Амартүвшин, Н.Амаржин нар уг асуудлыг ямар өнцгөөс харж, хэрхэн дүгнэсэн бэ.
-Д.АМАРТҮВШИН: Х.НЯМБААТАР ДУГААРЫН БИЗНЕСИЙГ ЦЭЦЭГЛҮҮЛЖ 1.5 САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭСЭН БИЗ ДЭЭ -
Д.АМАРТҮВШИН: Цагаан сараар ганц, хоёр айлаар орж "юм хум" татчихаад гэнэт агсам тавьмаар санагдсан юм биш үү. Түүнээс эрүүл хүнээс гарах яриа биш. Ер нь дарга нар уучхаад сошиал руу орохоо больмоор юм. Тэгээд бичсэн пост нь аль хэдийн тарсан учраас устгаж чадахгүй байх шиг байна. Манай дарга нар ам л нээвэл Үндсэн хууль руу гаа нулимдаг болж. Хүний өмчлөх эрхийг хангаж байж бусад эрх хэрэгжинэ. Дарга нарын шийдвэр хар бизнесийг яаж цэцэглүүлж байна харж байгаа биз дээ. Өмнө нь үнэгүй байсан автомашины улсын дугаар одоо хамгийн багадаа 1.2 сая төгрөгөөр зарагдаж байна. Өдөрт хичнээн дугаар зарагдаж байна.
Хичнээн хүн машин худалдаж авч байгаа вэ. Машин зарагддагаараа зарагдаж байна. Гэхдээ дугаарын бизнес гээд шагын хар бизнес бий болсон. Тэр "алх барь" гэж бичсэн байна лээ. Л.Оюун-Эрдэнэ "өөрөө хийгээч" гэж хэлдэг шүү дээ. Түүн шиг өөрөө л алхчих л даа. Х.Нямбаатар дарга өөрөө манлайллаа үзүүлээд гудамжиндаа алхаад дугуйгаа унаад, скүүтерээрээ Яармаг руу ажилдаа явчих. Өөрөө алхвал мэдэрнэ шүү дээ. Дугуйгаар явахад нөгөө боржин бордюр нь яаж саад болж байна, явган алхахаар эвдээд хаясан зам нь ямар хүндрэлтэй байна мэдэрнэ шүү дээ. Эмэгтэй хүн өсгийтэй гутлаар битгий хэл эрэгтэй хүн ч алхахад хүндрэлтэй байгаа. Өөрөө явж үзмээр байна. Тэгэхгүй байж даргын байр сууринаас хандана. Бид нар Х.Нямбаатарын уурыг гаргадаг мешок юм уу ямар. Энэ бол 1.5 сая хүн амтай хот, сум биш. Сумын засаг дарга байсан бол сумын иргэдээ загнадаг юм байж, ойлгож болно. Х.Нямбаатар бол сумын засаг дарга хийх хэмжээний потенциалтай хүн. Хот удирдахад чадвар нь дутаад байна. Би скүүтертэйгээ явж байгаад машинд зад мөргүүлсэн. Нэг сар болж байж арай хийж эдгэлээ. Улаанбаатар бол хүнд биш машинд зориулсан хот. Явган алхах замгүй, утаатай.
Энэ нь хүмүүсийг машин унахад нөлөөлж байгаа юм. Жишээ нь би скүүтер унаагүй үедээ автобусаар зорчдог. Өглөө, орой автобус дүүрэн хүнтэй. Бас түгжрэлд автобус ирдэггүй. Скүүтер, дугуйн зам нь гэнэт тасраад алга болчихдог. Явган хүний зам хүртэл гэнэт алга болдог ийм л хот шүү дээ. Хааж, боох нь ямар ч тэнэг хүний хийж чадах ажил. Харин шийдэл гаргах нь ухаан шаардсан ажил шүү. Дарга нар хүүхдээ автобусаар зорчуулчих. Өвлийн хүйтэнд хүүхдээ автобусаар явуулсан аав нар яаж, ийж байгаад приүс машинтай болохыг л бодож байна. Өөрсдөө эхлээд алхаад өөрөө эхлээд хүүхдээ автобусаар зорчуулчихвал мэдэрнээ. Дарга нар амьдралаас тасраад байна шүү дээ. Төр бүх асуудлыг шийднэ гэж оролдохын оронд хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилламаар байна. Микро автобусыг ад үзээд байхгүй болгосон. Хэрвээ микро автобусыг байлгаж байсан бол хувь хүмүүс илүү сайжруулаад үйлчилгээ эрхэлж байгаа. Хүмүүс өнөөдрийнх шиг автобус хүлээхгүй ч байсан байх.
-Н.АМАРЖИН: ХҮНИЙ ӨМЧИНД ДУРААРАА ХАЛДАЖ БАЙГАА НЬ СОЦИАЛИЗМЫГ АВЧРАХ НЬ УУ ГЭХ АЙДАСЫГ ТӨРҮҮЛЖ БАЙНА -
Н.АМАРЖИН: Х.Нямбаатараас хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл гарахад нь гайхахгүй болсон. Угаас энэ хүнээс юу хүлээх юм. Байгаа нь л энэ шүү дээ. Миний хувьд бороотой өдөр дуу сонсоод эмороод алхах дуртай. Машинууд ус цацаад л ямар билээ. Ус зайлуулах ч шугамгүй биз дээ. Жаахан дулаарвал дугуй, скүүтер нь машинтайгаа хамт машин зам дээрээ алалцаад л. Хүмүүс чадахаараа л алхаж, скүүтер, дугуй унаж байгаа шүү дээ. Улсын төсвийн бараг талыг захиран зарцуулж байж, ийм их мөнгөтэй байж тав тухтай орчин бий болгоогүй, замаа засаагүй. Тэгсэн атлаа хүмүүсийг алх гэж тушаагаад. Хүмүүсийн дургүй, эгдүүцэл зэрэг хүрч байгаа байх. Ер нь хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй шүү дээ.
Автобусны буудлыг яагаад 90 саяар засаад байгаа юм бэ. Аль нэг компани нь аваад баннераа тавина биз дээ. Тэд дулаан, цэнэглэгчтэй гоё автобусны буудлыг барьчихна. Нийслэлийн шийдэж чадаагүй нийтийн 00 өөр бусад хүндрэлийг CU, GS шийдсэн. Тэд соёлтой үйлчилгээ, тухтай үйлчлүүлэх газрыг бий болгосонтой яг ижил. Гэхдээ манай дарга нарын тархины багтаамж нь л энэ байна шүү дээ. Улаанбаатарт хотын серитэй автомашины дугаарыг хязгаарласан нь мөн л хүний өмчлөх эрхэнд халдаж буй үйлдэл. Хүмүүсийн өмчинд халдах зэргээр ажиллаж байгаад социализмын үеийг буцааж авчрах нь уу гэх айдас ч байна. Тийм ч учраас Х.Нямбаатар "Чи машинтай байж яах гээд байгаа юм" гэж байна шүү дээ.
Одоо түгжрэлийг бууруулах нэрэн доор хоёр машинтай айлын нэг машиныг ч хурааж мэдэхээр байна. Цаашлаад хүний ямар хөгжим сонсох, ямар хувцас өмсөхийг ч зааж болзошгүй. Хүний эрх ярихаас ч айж байна. Гоншигномоор байгаа бол надтай адил новшийн иргэн болох хэрэгтэй. Шийдэлтэй нэгнээр нь хийлгэ л дээ. Улаанбаатарын эдийн засгийн эргэлт, ДНБ зэргийг огт тооцохгүйгээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг шууд нэвтрүүлэх гэж үздэг гээд ерөөсөө л ажиллаж чадахгүй байна. Х.Нямбаатар дандаа "Yes man"-үүдээр өөрийгөө хүрээлүүлсэн юм шиг байна. Заримдаа бас эрүүл шүүмжлэлийг хүлээж авч сонсдог байх хэрэгтэй.