Өнгөрсөн 2023 оны зун тохиосон их үерийн гамшгийн дараа усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байдаг. Улмаар Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар "Aqua Garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны наймдугаар сард гарсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл "Aqua garden" буюу олны нэрлэж байгаагаар “Авлига хороолол”-ыг буулгах шийдвэр албажаагүй байна.
Үүнээс гадна усан парк нэртэйгээр эхэлсэн "Aqua Garden" хорооллыг эсэргүүцэж, олон нийтийн эрх ашгийн төлөө Онч шийдэл ТББ-аас гурван жилийн өмнө шүүхэд гомдол гаргасан. Гэсэн ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг ч удаа шүүх хурал болсонгүй. Өчигдөр /2025.09.11/ "Aqua Garden" хорооллын шүүх хурал болох товтой байсан ч дахин 14 хоног хойшлуулсан байна.
Энэ асуудлаар "Онч шийдэл" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, хуульч Ш.Алтангадас “Анх биднийг олон нийтийн эрх ашгийг хамгаалж 2022 онд шүүхэд хандах үед "Aqua Garden" хорооллын суурь цутгалт эхэлж байлаа. Үүнээс хойш барилга баригдаж дуусаад ашиглалтад орчихсон юм шиг байна. Өргөдөл гаргаснаас хойш өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг ч удаа шүүх хурал болсонгүй. Өнөөдөр /2025.09.11/ шүүх хурал товлогдсон байсан ч гуравдагч талын өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас ирээгүй. Ингэснээр дахин шүүх хурал хойшлогдоод байна. Энэ удаа шүүх хурал 14 хоног хойшиллоо. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг ч удаа анхан шатны шүүх хурал болсонгүй” гэх ярилцлагыг NTV телевизэд өгөөд байна.