"АТГ-ын хоёр автомашинтай комиссарууд МАН-ын төв байрны ихэнх өрөөнд нэгжлэг хийж, Ц.Чулуунзагдыг авч явсан" гэв

"АТГ-ын хоёр автомашинтай комиссарууд МАН-ын төв байрны ихэнх өрөөнд нэгжлэг хийж, Ц.Чулуунзагдыг авч явсан" гэв

Өчигдөр /2025.09.10/ МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нь хууль сахиулах байгууллагын алба хаагчид нэгжлэг хийж, улмаар орой нь түүнийг мөрдөгчийн саналаар 48 цагийн хугацаатай цагдан, хорьсон гэх мэдээлэл бий.

Харин МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Тэгвэл хэрэг явдлыг нүдээр харсан эх сурвалжуудын ярьж буйгаар, "өчигдөр орой хоёр автомашинтай АТГ-ын комиссарууд МАН-ын төв байр болох "Тусгаар тогтнолын ордон"-д ирж, тус байрны ихэнх өрөөнд нэгжлэг хийсэн байна. Ингээд орой нь МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг авч явсан" гэх мэдээллийг өгч байна. 

Тэгвэл яг одоо МАН-ын Хяналтын хороо хуралдаж байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Ц.Чулуунзагдыг баривчилсантай холбоотойгоор МАН-ын Хяналтын хорооны хурал зарлагдсан" гэх мэдээллийг өгч байгаа бол өөр эх сурвалжууд, "Хяналтын хороо нь намын гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг ярьдаг бөгөөд энэ хүрээнд асуудлыг хэлэлцэж байж магадгүй" гэлээ.

Сонирхуулахад, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд, "Тавантолгой бүлэг ордын Бор тээгийн нүүрсний ордтой нэр холбогдох болсон “Админерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Лхамжав нь МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах нь гэдэг. Иймд уг асуудлаар түүнийг шалгаж байж болзошгүй" хэмээн мэдээлж байна.