Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолын ажиллагааг өнөөдөр /2025.09.11/ өдөр зохион байгуулахаар товлосон. Ёслолын ажиллагаа Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овоонд 09:00 цагт эхэлсэн бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаны хүмүүс нутгийн зон олон оролцсон байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний буян заяаг даатган дуут сум тавьж, шарга зүсмийн азарга сэтэрлэн тавилаа.
Ташрамд, Богдхан уулыг 1778 онд Их хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр дархлан хамгаалж, 1779 оноос тахиж ирсэн уламжлалтай. Түүхэн энэ уламжлалыг 1995 онд сэргээж, УИХ-ын 26 дугаар тогтоолоор дархан цаазат уул болгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгож, таван жилд нэг удаа тахиж буй.