Г.Тамир: Малчин болж, анхны тугалнуудаа Элизабет, Эдвард, Жон Вик гэж нэрлэн тэдний тухай влог хийж эхэлсэн /ВИДЕО/

Г.Тамир: Малчин болж, анхны тугалнуудаа Элизабет, Эдвард, Жон Вик гэж нэрлэн тэдний тухай влог хийж эхэлсэн /ВИДЕО/

Монгол залуус харь орныг зорих болж, хөдөөгийн малчин залуус ховордож байгааг бид мэднэ. Хөдөөнөөс хот руу чиглэсэн их урсгалыг сөрж, хотоос хөдөө рүү шилжин суурьшиж буй дээд боловсролтой, мундаг залуус ч цөөнгүй бий. Тэдний нэг бол Г.Тамир. Дэлхий даяарчлагдаж буй энэ үед хөгжил дэвшил зөвхөн хотод бус хөдөөд ч байдаг гэдгийг харуулж, хувийн влогоороо дамжуулан хөдөөгийн аж, амьдралыг хотынхон болон гадны улсынханд таниулах зорилго тээн влог хийж эхэлсэн малчин залуу Г.Тамирыг бид энэ удаа онцлон ярилцлаа.

ВИДЕО:

Тэрбээр дээд боловсролтой, өөрийн гэсэн ажил мэргэжилтэй, 26 жил хотод амьдарсан ч нэгэн хэвийн, стресстэй амьдралаас залхаж, хөдөөг зорьсон нь энэ. Өмнө нь морины нуруун дээр ч гарч үзээгүй түүний хувьд анхандаа туршлагагүйтэх олон зүйл байсан ч уудам тал, шинэ төл юу юунаас илүү сайхан байсныг онцлон ярьсан юм. Шинэ төлөө харж өхөөрдөөд тугалнууддаа Панда, Эдвард, Элизабет, Жон Вик гэх нэр өгч, тэдний тухай влог хийж эхэлжээ.  Мөн түүний хувьд хотод streamer хийдэг байсан учраас хөдөө очоод бичлэг хийж, эвлүүлэхэд хэцүү биш байсан талаараа ч мөн ярьсан юм. 

-Хөдөө гарахаасаа өмнө нь хотод streamer хийдэг байсан шүү дээ. Анх хэзээ хөдөө гарсан бэ. Мөн яагаад хөдөө гарах болов?

-Өнгөрсөн жилийн 10 сард хөдөө гарсан. Өмнө нь хөдөө очиж байгаагүй, морь ч унаж үзээгүй хүүхэд байсан. Хотын нэгэн хэвийн амьдралд нэг шинэ зүйл хэрэгтэй ч юм шиг нэг л асуудалтай болчихсон байсан. Тэгээд энэ 10 сард мал харах хүнгүй болоод хөдөө гарахаар шийдсэн. Хөдөө анх гарахдаа хийж чадахгүй байх гэсэн зүйл олон байсан ч нэг их айсан зүйл бол байгаагүй. Өмнө нь хэцүү зүйл байсан ч гэсэн одоо бодоход нэг их хэцүү зүйл байхаа больчихсон юм шиг байна. Анх морь унаж байхад л хамгийн айдастай байсан. Бусдаар бол хөдөө ер нь сайхан шүү дээ. Уудам тал нутагт морь унаад явах, хавар болж шинэ төлөө харах хамгийн сайхан мэдрэмж юм билээ. 

-Та ер нь ямар мэргэжилтэй вэ. Мал маллахаасаа өмнө юу хийж байв?

-Их сургуулиа төгсөөд өөрийн сонирхлоороо PC нээж ажиллуулдаг, найзтайгаа цуг Pubg mobile-аар тэмцээн зохион байгуулдаг байсан юм.

Би өөрөө stream, live чиглэлээр юм хийхдээ нэлээд дөртэй болчихсон байсан. Хотод байхдаа бичлэг тасдах, фото шоп хийх гэх мэтчилэн зүйлүүдийг мэддэг байсан учраас хөдөө гараад влог хийхэд ямар нэгэн асуудал байгаагүй. 

-Мал маллахын зэрэгцээ влог хийж олон нийтийн сүлжээнд нийтэлдэг юм байна лээ. Влог нь ч нэлээд олон хүнд хүрдэг харагдсан. Анх ер нь влог хийе гэдэг санаа яаж төрсөн бэ?

-Энэ өвөл нэлээд хатуу өвөл болж өнгөрлөө. Үхэр ч их хорогдсон. Их хорогдоод ирэнгүүт стресстэж эхэлдэг юм билээ. Хавар болоод шинэ төлөө хараад л гуниг үргэх шиг болсон доо. Мал дээр гарах үед аав хэдэн үхэр ялгаж өгсөн. Тэр үхэрнүүдээс маань хавар хэдэн тугал гарсан юм. Манай тугалнууд ч их сүртэй нэртэй. Анх хөдөө байж үзэж байгаа учраас бүх зүйл сонин, сонирхолтой санагдаж, түүнийгээ ч бусадтай хуваалцахыг хүсээд влог хийж эхэлсэн дээ.

-Танай төл болон мал сүргээс зарим нэг нь хэдийнээ алдартай болсон байсан. Тэднийхээ талаар сонирхуулаач?

-Хар үхэрнээс яг панда шиг тугал гарсан. Тэр тугаландаа дотагийн баатрын нэрээр бревмастер гэдэг нэг өгсөн. Бас нэг гоё нүдтэй тугал гарсан. Түүнийг Эдвард гээд нэрлэчихсэн байгаа. Энэ хоёрынхоо бичлэгийг л өхөөрдөөд оруулсан чинь нэлээд алдартай болчих шиг болно лээ. Тугалныхаа талаар оруулсан бичлэгэн дээр ихэнх нь сайнаар харж, өхөөрдсөн байдаг ч муухай үг бичиж муулсан хүмүүс ч байсан. Тэр коментуудыг нь хараад яамаар ч юм дээ гэж бодогдсон. Аливаа зүйлийг үргэлж сөргөөр хүлээж авдаг эсвэл тийм л байх ёстой гэсэн нэгэн хайрцганд орчихсон бүтэн нэг үе байх шиг байна.

Нялх амьтан харна гэдэг чинь ер нь амар амгалангийн туйл юм байна лээ. Би анх удаа очиж байгаа болохоор сайн зүсэлж мэдэхгүй тул нэр өгөөд явахаар илүү амар байсан.

-Хөдөөгийн малчид ч интернеттэй болж, улс орны өнөөдрийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авахын зээргцээ, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой болсон шүү дээ. Таны хувьд ч энэ боломжийг алдалгүй сайн ашиглаж байх шиг харагддаг. Өөр шиг чинь хөдөөгийн залуус влог хийгээд өөрийгөө ч хөгжүүлж, бусдад ч хөдөөгийн талаар эерэгээр таниулах, түгээх хэр боломжтой байна вэ?

-Хаа сайгүй интернеттэй болоод, утсаа цэнэглэх бүх зүйлс нь байдаг болчихсон. Тиймээс хөдөө амьдрахад нэг их асуудал байхгүй байх. Техник технологи хөгжөөд Старлинк ч Монголд нэвтэрчихлээ. Гэхдээ старлинкийн төхөөрөмжийг хөдөө хэрэглэж үзэхээр сонирхсон ч сарын төлбөр нь хэтэрхий өндөр юм шиг санагдсан.

-Хөдөө нутагт малчин залуус ховордож, нийслэлд байх хөдөлмөрийн насны залуус харь орныг зорих болсон. Үнэхээр Монголд, хөдөө нутагт амьдрах боломж залууст тийм хомс байна уу?

-Эрчүүд хөдөө гарахад ямар нэгэн асуудал алга. Хөдөө гарах эмэгтэйчүүд харин ховордсон байна. Миний хувьд одоогоор найз охин байхгүй. Хөдөө гарна гэхэд л ер нь харилцаа дуусаж байгаа юм даа. Монголчуудад социализмын үеэс тогтсон нэг буруу ойлголт байх шиг байна гэж хардаг. Болохгүй бол хөдөө гарна гэдэг ч юм уу, мал маллаж байгаа хүмүүсийг тэнэг юм шиг боддог зүйл ажиглагддаг. Би өөрөө очингуутаа мэдэрсэн. Малчин хүн гэдэг бол мянган мэргэжлийг эзэмшсэн, амьдрах чадвар өндөртэй хүмүүс байдаг гэдгийг ойлгож эхэлсэн. Хөдөөний хүмүүс бол хаа очиж зангаа алдаагүй, тусч хүмүүс байдаг шүү. Цаашид хөдөө амьдрах сонирхол байгаа. Мөн гадаад орнуудаар ч бас явна гэж бодож байгаа.

-Урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө