Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн шилдгээр Баянхонгор, Баян-Өлгий, Дархан -Уул, Дорнод, Төв аймаг тус тус шалгарчээ

Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн шилдгээр Баянхонгор, Баян-Өлгий, Дархан -Уул, Дорнод, Төв аймаг тус тус шалгарчээ

Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд Соёлын өвийн  орон зай, бүтээлч үйлдвэрлэл, уламжлал шинэчлэл, баялаг байдал, Соёлын биет бус өвийг таниулан сурталчлахад амжилттай оролцсон  Баянхонгор аймаг, Баян-Өлгий аймаг, Дархан -Уул аймаг, Дорнод аймаг, Төв аймаг шилдгээр шалгарч, цом батламж гардан авлаа.

Энэхүү дэлхийн соёлын фестивалийн хүрээнд уламжлалт соёлын ахуй орчин бүрдэж, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 өвийн төрөл зүйлтэй нэгэн дор танилцсан, хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэн эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг цаашид хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болох боломж бүрдсэн, оролцогч, үзэгч олны талархлыг хүлээсэн оюунлаг наадам болж өндөрлөлөө.

Тус фестивальд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулсан байна.

Мөн аймаг нийслэлийн отгоор зочилж, оролцогч улс орон, байгууллагуудын хүрээ, өргөө соёлын өвийн өртөөгөөр аялан “Монгол түмний их цэнгэл наадаан” хүндэтгэлийн тоглолт, шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, гала тоглолт тэргүүтэй өвөрмөц тансаг урлагийн тоглолт үзэж , Их насны морьдын уралдаан, 64 бөхийн барилдаан, сур харваа зэрэг үндэсний спортын 15 төрлийн уралдаан, тэмцээнийг сонирхон, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 200 орчим аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа, орон орны 9 үндэстний уламжлалт хоол хүнс, идээ ундааны үзэсгэлэн худалдаа зэрэг 30 гаруй хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан 700 гаруй сонин содон, шилдэг, онцлог тоглолт, үзүүлбэр, арга хэмжээг үзэгч олондоо дэлгэн толилуулсан өргөн дэлгэр фестиваль болж өндөрлөлөө.