Баасан гарагт товлогдоод байсан АНУ, Ираны хэлэлцээ цуцлагджээ

Баасан гарагт товлогдоод байсан АНУ, Ираны хэлэлцээ цуцлагджээ

АНУ болон Ираны хооронд маргааш /2026.02.06/ хийхээр төлөвлөөд байсан хэлэлцээ цуцлагдсан талаар Axios мэдээлжээ. 

Тус мэдээлэлд, "АНУ Ираны зүгээс тавьсан уулзалтын байршил болон хэлэлцээний форматыг өөрчлөх шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаны дараа уулзалтыг цуцлах шийдвэр гаргасан байна. Үүний улмаас талууд тохиролцоонд хүрч чадалгүй, уулзалт явагдахааргүй болжээ."

АНУ-ын албаны эх сурвалжуудын хэлснээр, энэхүү мухардал нь дипломат замаар асуудлыг шийдвэрлэх боломжийг хааж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг цэргийн хувилбаруудыг авч үзэхэд улам ойртуулж болзошгүй гэж анхааруулсан байна. Гэсэн хэдий ч АНУ-ын нэгэн албан тушаалтны мэдээлснээр, "хэрэв Иран анх тохиролцсон хэлбэр, байршилд буцаж зөвшөөрвөл Вашингтон энэ долоо хоногт эсвэл ирэх долоо хоногт уулзалт хийхэд бэлэн хэвээр байгаа" гэжээ. 

АНУ болон Ираны хоорондын хэлэлцээ нь Ираны цөмийн хөтөлбөр, бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой хурцадмал байдлыг намжаах дипломат хүчин чармайлтын нэг хэсэг юм. Харин маргааш болох байсан уулзалт цуцлагдсан нь хоёр талын харилцаа дахин хурцдах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байгаа аж. Ираны тал уулзалт цуцлагдсан талаар албан ёсны тайлбар хараахан хийгээгүй байгаа ч, ойрын өдрүүдэд хэлэлцээг дахин сэргээх боломж үлдсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа ажээ.

Эх сурвалж: Axios