Монгол улс “Милан-Кортино 2026” өвлийн олимпын загварын шоунд оролцлоо

Монгол улс “Милан-Кортино 2026” өвлийн олимпын загварын шоунд оролцлоо

“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион байгуулах хорооноос хамтран дэлхийн загварын нийслэл Милан хотноо наадмын нээлтэд өмсөх урьдчилсан сонгон шалгаруулалтад тэнцсэн 17 улсын баг тамирчдын хувцсыг танилцуулах ёслолын шоуг анх удаа зохион байгууллаа.

Энэхүү алдарт Миланы олимпын загварын тайзнаа Монгол Улсын үндэсний брэнд “Гоёл кашмер” үйлдвэрийн бүтээгдэхүүн шалгаран оролцсон нь манай улсыг олон улсын тавцанд сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэлээ.

Өвлийн олимпод Монгол Улсаас оролцож буй гүйлтийн цанын тамирчин ОУХМ Э.Ариунтунгалаг, уулын цанын тамирчин ОУХМ А.Ариунбат нар нь Миланы загварын шоунд оролцож, өөрсдийн өмсөх хувцсаа танилцуулан, оролцлоо.

Монгол Улсын өвлийн олимпын багийн дээл, хувцас нь өөрийн орны үндэсний онцлог, соёл, дизайныг шингээн, наадмын нээлтийн үеэр хэдэн сая хүнд хүрч танигдах сурталчилгааны чухал ажил болж байна. Миланы өвлийн олимпын загварын шоуны хамгийн загварлаг хувцсаар мэргэжилтэн нарын үзэж байгаагаар Монгол, АНУ, Канад зэрэг улсуудыг нэрлэжээ.