“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Улаанбаатар хотоос 40 гаруй километрийн зайд орших Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд энэ сарын 18-20-ны өдрүүдэд болно.
Бахархах түүхтэй, бахдам үйлтэй нүүдэлчдийн залгамж, өвлөн уламжлагчид хуран чуулах энэ удаагийн соёлын биет бус өвийн наадмыг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу, 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан олон улсын шинж чанартайгаар зохион байгуулж байна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нүүдлийн ахуйн уламжлал соёлтой улс орнуудыг урьж оролцуулснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлогод туссан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Монгол орны болон нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинд эергээр сурталчлан таниулах өвөрмөц өнгө төрх, хэлбэр агуулга бүхий олон улсад өрсөлдөхүйц соёлын арга хэмжээ бий болох, Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг жилээс жилд нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.
Мөн хүн байгаль хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдлийн ахуй амьдралын хэв маяг, түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх, сонирхогч талуудын хүрээг өргөжүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нүүдлийн соёл, соёлын өвийн өвөрмөц байдлыг сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус фестивальд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулах юм.