УИХ энэ долоо хоногийн баасан гарагт 2027 оны төсвийг эцэслэн батална

УИХ энэ долоо хоногийн баасан гарагт 2027 оны төсвийг эцэслэн батална

Засгийн газраас Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг наймдугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн дагуу улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор эцэслэн батлах ёстой.

Тэгвэл УИХ энэ долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2027 оны төсвийг эцэслэн батлахаар төлөвлөжээ. Тодруулбал, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товлосон байна.

Үүнд:

1. Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /дөрөв дэх хэлэлцүүлэг/,

2. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /тав дахь хэлэлцүүлэг/,

3. 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/,

4. Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

5. Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

6. Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

7. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

8. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл,

9. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэхээр товложээ.

Ийнхүү баасан гарагт төсвийн дөрөв болон тав дахь хэлэлцүүлэг үргэлжилж, эцсийн шийдвэрийг гаргахаар төлөвлөсөн байна.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө