Иргэдийн дансны мэдээллийг авах эрхийг татварын албанд олгосон хуулийг Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байх үед баталжээ

Иргэдийн дансны мэдээллийг авах эрхийг татварын албанд олгосон хуулийг Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байх үед баталжээ

Засгийн газраас жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээс татвараа хурааж, норм биелүүлэх даалгавар өгсний дагуу энэ ажил эрчимжиж  татварын тайлан, орлого, зарлагын мэдээллийг нь шалгаж, улмаар дансыг нь хааж байгаа гэх мэдээлэл цахим сүлжээнд гарах болсон. Ингэхдээ зарим тохиолдолд компанийн дансны мэдээллээс гадна захирлынх нь хувийн дансны хуулгыг гаргуулан авч, орлогоо нуун дарагдуулсан эсэхийг тодруулж байгаа гэх асуудал ч хөндөгдөж байна.

Татварын байгууллага иргэдийн банкны дансны мэдээллийг авах эрх зүйн үндэс нь 2019 оны гуравдугаар сарын 22-нд Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллаж байх үед УИХ-аар баталсан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой юм. Тус хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Тодруулбал, хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад санхүүгийн байгууллага татварын албанд тодорхой мэдээлэл гаргаж өгөх үүргийг тусгажээ.

Тухайлбал, 34.4.1-д татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр гаргаж өгөхөөр заасан бол 34.4.3-т татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас албан бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн өгөхөөр зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, татварын байгууллага хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд татвар төлөгчийн дансны мэдээлэл болон гүйлгээний хуулгыг банкнаас гаргуулан авах эрхтэй болжээ.

- БАНКНЫ 18,506 ХАРИЛЦАГЧИЙН 22,518 ДАНСНЫ ХУУЛГЫГ ТАТВАРЫН АЛБАНД ХҮРГҮҮЛЖЭЭ - 

Энэ зохицуулалтын хүрээнд татварын байгууллагаас банкны мэдээлэл гаргуулан авсан бодит тоо баримт олон бий. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн 34.4.1, 34.4.3 дахь заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцжээ.

Энэ үеэр Хаан банкнаас ирүүлсэн албан бичигт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд татварын байгууллагаас ирүүлсэн нийт 16 албан бичгийн дагуу 18,506 харилцагчийн 22,518 дансны хуулгыг Татварын ерөнхий газрын цахим хаягт хүргүүлсэн гэж дурдсан байна. Энэ нь ердөө гурван сарын хугацаанд нэг банкнаас гаргуулсан мэдээллийн хэмжээ юм.

- ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ҮҮСГЭСЭН Ч ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ - 

Тэгвэл Татварын ерөнхий хуулийн дээрх зохицуулалт иргэдийн хувийн мэдээлэл, банкны дансны нууцад халдаж байгаа эсэх асуудлаар иргэн П.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ.Тэд Татварын ерөнхий хуулийн 34.4.1, 34.4.3 дахь заалт нь иргэний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийг зөрчиж байна гэж үзсэн байна. Харин Үндсэн хуулийн цэц 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа уг заалтуудыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. 

Цэцийн шийдвэрт банкны дансны гүйлгээний мэдээлэл нь тухайн хүний хувийн амьдрал, дадал зуршил, худалдан авалт, сонголтын талаар мэдээлэл агуулдаг тул хувийн мэдээлэлд хамаарахыг онцолсон байна. Гэхдээ татварын алба уг мэдээллийг татварын хяналт шалгалт, татвар ногдуулалт, татварын өр хураалт, эрсдэлийн үнэлгээний зорилгоор ашиглах эрхтэй гэж үзсэн байна. Мөн татварын байгууллага банкны дансны гүйлгээний мэдээллийг тогтмол давтамжтайгаар авдаггүй, эрсдэлийн үнэлгээ хийх, татварын хяналт шалгалт явуулах, татварын өр барагдуулах зэрэг шаардлагатай тохиолдолд банканд албан хүсэлт гарган авдаг гэж тайлбарлажээ.

- "ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРХ БҮХИЙ 32 АЛБАН ХААГЧ БАНКНЫ МЭДЭЭЛЛИЙГ ҮЗНЭ" - 

Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа Татварын ерөнхий газар банкнаас авсан мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хадгалдаг бөгөөд уг мэдээлэлд зөвхөн эрх бүхий албан тушаалтан нэвтрэх боломжтой гэж мэдэгджээ. Тодруулбал, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй татварын улсын байцаагчийг Татварын ерөнхий газрын даргын шийдвэрээр томилдог. Тухайн мэдээлэлд нэвтэрсэн, ашигласан үйлдэл бүр бүртгэлтэй байх ёстой. Мөн татвар төлөгчийн мэдээллийг зөвхөн татварын зорилгоор ашиглах, хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй. Мэдээллийг задруулах, албан тушаалын эрхээ хэтрүүлэх тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байдаг аж. 

Түүнчлэн тухайн үед Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Заяабал үүнийг тайлбарлахдаа “Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахдаа татварын төлөгчийн банкны мэдээллийг татварын зорилгоор ил тод болгож, харилцан солилцох амлалт өгсөн. Үүний дагуу 2019 онд хийсэн татварын багц хуулийн шинэчлэлд уг заалтыг тусгасан. Татварын эрсдэлтэй холбоотойгоор татвар төлөгчийн мэдээллийг зөвхөн Татварын Ерөнхий Газрын нууцын баталгаа гаргасан эрх бүхий 32 албан хаагч тухайн банкны мэдээллийг үзэж, ажиллах журамтай" гэсэн байна. 




Өнөөдөр гахай өдөр

38 минутын өмнө