Бразилын Шапеко хотыг хүчтэй хар салхи дайрч, нисэх онгоцны буудлыг тодорхойгүй хугацаагаар хаажээ.
Тодруулбал, Бразилын өмнөд хэсгийн Санта-Катарина мужийн Шапеко (Chapecó) хотыг өчигдөр /2026.11.04/ 126 км/цаг хүртэлх хурдтай хүчтэй хар салхи дайран өнгөрч, "Серафин Эносс Бертасо" олон улсын нисэх онгоцны буудалд асар их хэмжээний хохирол учруулжээ. Иргэний хамгаалалтын газраас мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас зорчигч тээврийн терминалын дээвэр хууларч, шилэн фасад хагаран, агаарын хөлгүүдийн ангарууд нурж унаснаас гадна дотор нь байсан "Pilatus" загварын хувийн онгоцууд хүнд хэлбэрээр сүйрчээ. Уг гамшгийн улмаас нисэх буудлын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоож, ойр орчмын дүүргүүдэд цахилгаан болон интернэт тасраад байгаа бөгөөд албаны хүмүүс зорчигчдыг буудал руу очилгүй, агаарын тээврийн компаниуддаа шууд хандахыг анхааруулж байна. Нисэх буудлын дэд бүтэц сүйрсэн ч аз болоход хүний амь нас эрсдээгүй, бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд урьдчилсан байдлаар энэхүү ер бусын хүчтэй шуурга Амазоны дулаан агаар болон өмнөд туйлын хүйтэн фронтын мөргөлдөөний улмаас үүссэн гэж цаг уурчид тайлбарлаж байна.
ВИДЕО: