Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ

Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ

Австрали Улс визийн системийн аюулгүй байдал, үр ашиг, найдвартай байдлыг хангах зорилгоор Монгол Улсад виз мэдүүлж буй иргэдийн биометрик мэдээлэл буюу хурууны хээ, цээж зургийг бүртгэх хөтөлбөрийг энэ оны аравдугаар сарын 26-наас хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөр нь Австралийн визийн тогтолцооны аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд дэлхийн 60 орчим улсад хэрэгжиж буй ажлын нэг юм. Виз мэдүүлэх явцад биометрик мэдээлэл шаардлагатай тохиолдолд тус улсын Дотоод хэргийн яамнаас тухайн виз мэдүүлэгчид албан ёсоор мэдэгдэж, мэдээллээ хэрхэн бүртгүүлэх талаар холбогдох зааварчилгааг хүргүүлэх юм. Виз мэдүүлэгчийн нөхцөлөөс хамааран Австралийн биометрик бүртгэх төвд биечлэн очиж мэдээллээ өгөх эсвэл “Australian Immi App” аппликейшн ашиглан цахимаар өгөх аж. Өмнө нь тус улсын биометрик мэдээлэлд бүртгэгдсэн, гадаад паспортын хугацаа хүчинтэй иргэд уг аппликейшныг ашиглан биометрик мэдээллээ үнэ төлбөргүйгээр өгөх боломжтой. Шинэ шаардлага өнгөрсөн сарын 26-ны өдрөөс хойш виз мэдүүлж буй Монгол Улсын иргэдэд хамаарах бөгөөд уг өдрөөс өмнө гаргасан визийн мэдүүлэгт нөлөөлөхгүй.

Иймд Австрали Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд виз мэдүүлэхдээ тус улсын Дотоод хэргийн яамнаас ирүүлэх албан ёсны мэдэгдэл, зааварчилгаатай танилцаж, шаардлагатай тохиолдолд биометрик мэдээллээ хугацаанд нь бүртгүүлэхийг тус улсад суугаа ЭСЯ-наас зөвлөж байна.