Хустай нурууны байгалийн цогцолборт газар “Green Destinations Top 100 Stories” хэмээх олон улсын шалгаруулалтад багтжээ.
Словени улсын Кранж хотод болсон ёслолын үйл ажиллагаанаас Хустайн БЦГ-ын төлөөлөл батламжаа гардан авсан байна. “Green Destinations Top 100 Stories” нь байгаль, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, нутгийн иргэдийн оролцоо, амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн сайн туршлагуудыг олон улсад таниулдаг хөтөлбөр юм. Хустайн байгалийн цогцолборт газар нь хээрийн экосистемийг хамгаалах, тахь болон бусад зэрлэг амьтдыг хамгаалах үйл ажиллагаанд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн туршлагаараа онцлогтой. Энэ газрын сайн туршлага нь хүн, зэрлэг амьтны зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолсон байна.
Энэ жилийн шалгаруулалтад Монгол Улсаас гадна Японы уламжлалт гар урлалын бүсүүд, Тайландын байгаль хамгаалалд түшиглэсэн аялал жуулчлалын санаачилгууд, Словенийн орон нутгийн аялал жуулчлалын төслүүд зэрэг олон улсын сайн туршлагууд багтжээ. "Green Destinations Top 100 Stories" шалгаруулалтад багтсан нь Монголын байгалийн болон соёлын өвийг хамгаалах, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг олон улсад сурталчлах томоохон боломж болж байна.