Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлын гэр рүү энэ сарын 7-8-нд шилжих шөнийн 01.00 цаг орчимд баавгай дайрч, улмаар 40 насны эрэгтэй хүний аминд хүрч, 55 настай эмэгтэйг хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарсан.
ВИДЕО:
ХЭРГИЙН МӨРӨӨР: "Баавгайнд бариулсан эрэгтэйн биеэс хэдхэн яс үлдсэн" гэх бөгөөд 55 настай эмэгтэй зугтааж, бие нь бүхэлдээ цус болсон тэрээр урд айлаасаа тусламж гуйн, амь аврагджээ
— iSee.mn (@iSee_MN) October 8, 2026
УНШИХ: https://t.co/021YjY2ZFM pic.twitter.com/FHhNa965zB
Улмаар хэрэг гарсан өдөр буюу аравдугаар сарын 8 /2026.10.08/-ны өдрийн 11 цаг орчмын үеэс эхлэн хүний амь хөнөөсөн баавгайг хайж олох эрлийн ажиллагааг эхлүүлж, тус өдрийн 22:00 цаг орчимд хэрэг гарсан газрын ойролцоогоос баавгай олж агнасан байдаг. Энэ талаар баавгай агнасан анчин "Тухайн баавгайг хоёр үхэр рүү гэтэж байхад нь 280 метрийн зайнаас хоёр удаа буудаж устгасан" гэдгийг тодотгож байсан юм.
Баавгайг агнасан даруйд "тус баавгай нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан амьтан мөн эсэхийг тогтоолгохоор" сэг зэмийг нь Шүүх шинжилгээний байгууллагад хүлээлгэн байдаг.
Харин шүүх шинжилгээний эхний дүгнэлтээр тус баавгайн гэдэснээс хүний цусны дээж илэрсэн болох нь тогтоогдоод байсан юм. Энэ талаар албаны эх сурвалжууд "Баавгай гэдэснээс илэрсэн цусны дээжийг амь хохирсон 44 настай эрэгтэйн цус мөн эсэхийг тогтоохоор нарийвчилсан шинжилгээг эхлүүлсэн" гэх мэдээллийг өгч байв.
Тэгвэл шүүх шинжилгээний нарийвчилсан хариу гарсан бөгөөд шинжилгээний үр дүнгээр "баавгайн ходоодноос илэрсэн зүйл нь амь хохирогчийн ДНХ-ийн тогтоцтой тохирсон" гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Нэг үгээр хэлбэл дээрх харамсалтай хэрэг гарсан өдрийн шөнө агнасан баавгай нь нэг хүний амь насанд халдаж, нэг хүнд хүнд гэмтэл учруулсан баавгай мөн байсан аж. Ташрамд өгүүлэхэд, баавгайд хазуулж, хүнд гэмтэл авсан эмэгтэй бие сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа гэх мэдээлэл бий.