Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Төрийн үйлчилгээний албан хаагчдийн цалинг нэмэгдүүлэх төсвийг бид 2026 оны төсвийн тодотголд 170.1 тэрбум төгрөг суулгасан. Ингээд цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх үед баталсан төсөвтэй холбоотойгоор Засгийн газраас тогтоол гаргаж, цалин олгох журмууд болон холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүд гардаг. Улаанбаатар хотод ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин, хөдөө орон нутагт ажиллаж байгаа ижил түвшний албан хаагчдын цалингаас ялгаатай байдаг. Энэ нь орон нутгийн амьжиргааны нөхцөл, алслагдсан байдалтай уялдуулан, хөдөө орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 20-40 хувийн нэмэгдэл олгох зохицуулалттай холбоотой.
Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдын цалинг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцсон байна. Тухайлбал, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмчийн цалин 2 сая 128 мянган төгрөгөөс 2 сая 456 мянган төгрөг болж, 328 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Харин нарийн мэргэжлийн их эмчийн цалин 312 мянган төгрөгөөр, ерөнхий мэргэжлийн их эмчийн цалин 297 мянган төгрөгөөр өсөхөөр байна. Мөн бага эмч, техникч, эм найруулагчийн цалин 283 мянган төгрөгөөр, сувилагч, согог засагчийнх 270 мянган төгрөгөөр нэмэгдэх бол туслах сувилагчийн цалин 257 мянган төгрөгөөр, шил угаагчийнх 233 мянган төгрөгөөр тус тус өсөхөөр байна.
Ахмад настнуудын хувьд суурь тэтгэвэр арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэж бодогдож эхэлнэ. Миний тэтгэвэр яг хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ гэдгээ харьяа нийгмийн даатгалын байгуулдагтаа очиж мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэтгэвэрт гарсан иргэн болгоны тэтгэвэр бодогдсон нөхцөл, ажилласан жил, төлсөн шимтгэл ялгаатай байдаг учраас иргэн болгонд өөр өөр байгаа. Жишээлбэл, суурь тэтгэвэр 769 мянган төгрөг авдаг иргэн 20 жил ажиллаад тэтгэвэрт гарсан бол таны тэтгэвэр дээр суурь тэтгэвэр маань 201 мянга 550 төгрөгөөр нэмэгдэнэ.
Бид ийнхүү 2026 оны улсын төсвийн тодотголоор батлуулж авсан 170.1 тэрбум төгрөгийн хүрээнд цалин, тэтгэврийг нэмэгдүүллээ. Энэ цалин 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс цаашаа үргэлжлээд аваад явна. Зөвхөн он дуустал өгөөд зогсчих юм биш биздээ гэж бодож болохгүй. 2027 оны төсвийг УИХ баталчих юм бол та энэ цалингаа цаашид аваад явах нь гэж ойлгох хэрэгтэй.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настан, тэжээгчээ алдсан хүүхэд, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэврийг 600 мянган төгрөг болгохоор байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр 478 мянган төгрөгөөс 600 мянган төгрөг болж, 25.5 хувиар нэмэгдэнэ. Харин ахмад настан болон бусад хамрагдах бүлгийн тэтгэвэр 432 мянган төгрөгөөс 600 мянган төгрөг болж, 38.9 хувиар өсөхөөр байна" хэмээн ярилаа.






