Өнөөдөр /2026.03.08/-өөс эхлэн энэ сарын 11-ны өдөр буюу ирэх долоо хоногийн Лхагва гараг хүртэл ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд, ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгийн нутгаар шар усны үерийн аюулын их эрсдэлтэй байгааг анхааруулж байна.
Тодруулбал, энэ сарын 09, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас, энэ сарын 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 11-нд Алтайн уулархаг нутгаар, 12-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус байна. Ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.