Монгол Улсын Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр, хоёрдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, нуурын мөсний зузаан бага зэрэг өөрчлөгдөж, тогтвортой байгаа бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.
Тухайлбал, Эг гол Хатгал тосгон орчимд харз гүйх үзэгдэл ажиглагдсаны улмаас мөсний зузаан 4 см нимгэрчээ. Харин Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см нэмэгдэж, 105–110 см болж, олон жилийн дунджаас 5–10 см нимгэн байна. Буйр, Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос өөрчлөгдөөгүй бөгөөд 100–115 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь олон жилийн дунджаас 15–25 см нимгэн байна. Мөн Хяргас, Увс нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см орчим нэмэгдэж, 60–95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болжээ. Энэ нь олон жилийн дунджаас 10 см нимгэн байна. Мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул иргэдэд мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.