УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах гэрт нь хулгай орсон талаар тэрбээр олон нийтийн сүлжээнд мэдээлж, уг хулгайн хэргийг гадны захиалгатай, монголын улс төр, бизнест нөлөөтэй хоёр хүнийг үйлдсэн байж болзошгүй хэмээн хардаж буйгаа илэрхийлж, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн.
Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах гэрээс эд зүйл хулгайлсан байж болзошгүй сэжигтэн этгээдийг олж тогтоосон байдаг. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэргийг 25 настай, эрэгтэй М гэгч үйлдснийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлсан этгээд дээрх гэмт хэргийг үйлдэж, улмаар Улаанбаатар хотод нийтийн байранд орогнож байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.
Тухайн этгээд нь генератор зэрэг овор хэмжээ ихтэй эд зүйлийг нь гэртээ хадгалж байжээ. Харин тэрбээр уг хэргийнхээ талаар "Ямар нэгэн санаа зорилгоор хулгай хийгээгүй. Тэнэж байгаад эзэнгүй айл байхаар нь орсон" хэмээн мэдүүлсэн гэх мэдээлэл байна.