Тэнгэрийн соёрхлоор төр улсаа байгуулсан Их эзэн Чингис хааны шүтээн Луу жилийн төгсгөл, Могой жилийн босгон дээр дахин цогцоллоо. Монголчууд үүнийг “Их хаан дахин мэндэллээ” хэмээн бэлгэшээж, хүндэтгэл сүсгээ өргөсөөр байна.
ВИДЕО:
Өглөөний жавар хацар хайрах ч музейн үүдэнд зогсох хүмүүсийн харцанд жиндэх зүйл үгүй. Алтан хөшөөний зүг алхах тусам хөлийн чимээ намсч, яриа анирдана. Танхимын төвд сүр жавхлантайгаар сүндэрлэх Их эзний алтан дүрийн өмнө хүмүүс эгнэн зогсож, нам гүмхэн хүндэтгэл үзүүлнэ.

Энд ирсэн хүн бүрийн зорилго нэг. Бараалхах, бахархах, бас ирэх жилээ даатгах. 2025 оны гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн Их эзэн Чингис хааны алтан хөшөө богино хугацаанд олон түмний сүсэг бишрэлийн төв болжээ. Ялангуяа Цагаан сарын шинийн нэгний өглөө музейн танхим хөл гишгэх зайгүй шахам дүүрдэг байна. Үндэсний дээл хувцсаараа гоёсон хүмүүс үр хүүхдийнхээ гарыг атган зогсож, зарим нь нүдээ анин залбирч, зарим нь алтан шүтээнийг ширтэн бодолд автана. Энэ жилээс төрийн гурван өндөрлөг Их эзэн Чингис хааны алтан шүтээнд хүндэтгэл үзүүлдэг ёс тогтож буй нь онцлох үйл явдал боллоо. Ийнхүү төр, ард түмэн нэгэн сэтгэлээр их хаандаа сүслэн мөргөх уламжлал дахин баталгаажиж байна.
Энэ талаар "Чингис хаан" үндэсний музейн эрдэм шинжилгээний ахлан ажилтан, куроатар Б.Батбаатар "Их эзэн Чингис хааны алтан хөшөө болон төрийн их цагаан сүлд бүтээгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч байна. 2025 оны 3 дугаар сарын 1-нд нээгдсэнээс хойш монголчууд өргөнөөр ирж, Их хааны алтан хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна. Зөвхөн монголчууд гэлтгүй ойр орчмын монгол туургатнууд ч мөн адил ихээр ирж, хүндэтгэл үзүүлж байна.
Энэ жилээс эхлэн төрийн гурван өндөрлөг Цагаан сарын шинийн нэгний өдөр Их эзэн Чингис хааны алтан хөшөөнд заавал хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтлоо. Түүнчлэн наадам, цагаан сар зэрэг томоохон баярын өдрүүдээр хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг заншил тогтож байна. Тухайлбал, энэ жилийн шинийн нэгний өдөр 300 гаруй хүн ирж хүндэтгэл үзүүлсэн тоо баримт бий.
Их эзэн Чингис хааны түүхэн үйл хэргийг судалж, түүнээс суралцах үйл явц олон зууны турш үргэлжилж ирсэн. Ялангуяа Чингис хааны гал голомтыг сахин үлдсэн монголчуудын хувьд түүндээ хүндэтгэлтэй хандаж, түүх соёлоо судалж, түгээн дэлгэрүүлэх нь зайлшгүй үүрэг юм. Монголчууд төрт ёсны уламжлалдаа Чингис хааныг шүтээн болгон дээдэлж ирсэн бөгөөд энэ уламжлал олон зууны тэртээгээс улбаатай. Их эзэн Чингис хааны алтан хөшөө нээгдсэн нь энэхүү хүндэтгэлийн дахин сэргэлт болсон гэж үзэж болно. Мөн Чингис хааны нэрэмжит Чингис хаан үндэсний музей байгуулагдсанаар Чингис хаан болон Монголын түүхийг зөвхөн монголчууд төдийгүй дэлхий дахин дахин авч үзэх шинэ эхлэл тавигдсан. Тус музей байгуулагдсанаар гадаад, дотоодын жуулчид болон Өвөр Монгол, Буриад, Барга, Тува зэрэг монгол туургатнууд олноороо ирж, Их эзэн Чингис хааны алтан хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна" гэлээ.

Харин иргэдийн хувьд "Сар шинийн дараахан ирж, жилээ даатгаж байна. Бид багаасаа төрийнхөө сүлдэнд сүсэлж өссөн хүмүүс. Чингис хаан бол монгол хүний хийморийн бэлгэдэл. Шинэ жилдээ сайн сайхныг бэлгэдэж, хүндэтгэл үзүүлэх нь бидний уламжлал" гэх байр суурийг илэрхийлж байлаа.
Ийнхүү Чингис хаан үндэсний музей нь зүгээр нэг музей бус, монголчуудын бахархал, төрт ёсны уламжлал, “жилээ даатгах” сэтгэлгээний амьд төв болон төлөвшжээ. Алтан шүтээний өмнө зогсох мөчид өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг нэгэн цэгт огтолцож, монгол хүний хийморь сүлд сэргэж буй нь мэдрэгдэнэ.
