“Америк” Хангай: Аварга О.Хангайг улсын наадамд түрүүлдэг жил би Өвөрмонгол наадамд түрүүлсэн. Бид сүнсээрээ холбоотой юм шиг санагддаг

“Америк” Хангай: Аварга О.Хангайг улсын наадамд түрүүлдэг жил би Өвөрмонгол наадамд түрүүлсэн. Бид сүнсээрээ холбоотой юм шиг санагддаг

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн Сар шинийн баярын тусгай дугаартаа бид Үндэсний бөх сонирхогч Лавилл Хангай Маршалыг урьж ярилцлаа. Түүнийг бөх сонирхогчид “Америк Хангай” нэрээр нь танина байх. Тэрбээр Америкт төрж, өссөн хэдий ч Монголын Үндэсний бөхөд үнэн голоосоо дурлаж, цаашдын амьдралаа зориулж байгаа нэгэн. Энэ жил Улсын их баяр наадамд зодоглохоор Улаанбаатарт ирээд байгаа бөгөөд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн удирдлага дор “Таванхан” дэвжээнээ бэлтгэл хийхээр мөн Монгол үндэсний баяр болох цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр Улаанбаатарт ирээд байгаа аж.

ВИДЕО:

-Ярилцлагаа өөрийг тань Монголд анх ирсэн үеэс эхэлье?

-Би 2019 онд анх Монголд ирж байсан. Түүнээс өмнө Өвөрмонголд долоон жил амьдарсан.

-Үндэсний бөх хэзээнээс сонирхож эхэлсэн бол?

-Би анх хятад бөхөөр хичээллэж байгаад 15 жилийн өмнөөс л монгол бөхийн талаар мэдэж авсан. Миний хичээллэдэг байсан хятад бөх монгол бөхөөс үүсэлтэй юм билээ. Хятад бөхийн барилдааны аваргууд нь дандаа л монгол эсвэл өвөрмонгол хүмүүс байсан. Монголчууд ер нь тухайн үед бөхийн аль ч төрлийг эзэгнэдэг байсан шүү дээ. Би ч бас тэдэн шиг сайжрахын тулд яагаад монголчууд ийм сайн байгааг олж мэдэхийг хүссэн. Тэгээд энэ жил Монголд байж, бэлтгэлээ сайн хийн Үндэсний их баяр наадамд зодоглохоор төлөвлөж байгаа.

-Сар шинийн барилдаанд барилдав уу?

-Хүмүүс намайг сар шинийн барилдаанд барилдаач гэж их хэлсэн. Гэхдээ би бэлтгэлдээ л төвлөрч байгаад зун наадмаар бэлтгэлийнхээ үр шимийг гаргахыг зорьж байгаа учраас сар шинийн барилдаанд зодоглохгүй, очиж үзнэ.

-Монголд Үндэсний бөхийн олон дэвжээ байдаг л даа. Таны хувьд хэний удирдлага дор бэлтгэл хийхээр ирэв?

-Улсын арслан Б.Орхонбаяр багш Т.Өсөх-Ирээдүй харцагын дор бэлтгэл хийхээр ирсэн. Миний багш н.Төмөр аварга Өвөрмонголдоо алдартай бөх л дөө. Багш маань Т.Өсөх-Ирээдүй харцагатай сайн найзууд болохоор би түүний дор бэлтгэгдэхээр энд зорин ирээд байгаа. Хоёр багшаасаа аль алинаас нь суралцахаар шийдсэн минь энэ л дээ.

-Т.Өсөх-Ирээдүй харцага олон алдартай шавьтай л даа. Түүний шавь Улсын арслан Б.Орхонбаярыг таних уу?

-Б.Орхонбаяр арслантай анх түүнийг Өвөрмонголд ирж барилдаж байхад нь танилцаж байлаа. Монгол бөхчүүд тэр үед надтай их сайхан харьцдаг байсан. “Энэ хар залуу хэн бэ, Чи барилдаж мэддэг юм уу” гэж гайхдаг байлаа. Б.Орхонбаяртай одоо уулзах гэж байгаадаа маш их баяртай байгаа. Гэхдээ түүнийг алдартай болсон болохоор биш анх Өвөрмонголд уулзаж байснаас хойш тэр үнэхээр сайжирсан учраас уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

-Монгол бөхчүүд, бөх сонирхогчид өөрийг тань хэрхэн хүлээн авч байна?

-Би зүгээр л барилдах гэж оролдож байгаа жуулчин биш. Би монгол бөхөд үнэхээр хайртай. Энэ төрлөөр амжилт үзүүлэхийг зорьж байгаа нэгэн. Монгол бөхчүүд надад үргэлж барилдааны зөвлөгөө, мэх зааж өгч, намайг сайжраасай гэж хүсдэг нь надад үнэхээр их урам зориг, эрч хүч өгдөг. Хэдий би багадаа барилдаж өсөөгүй ч гэлээ илүү сайжирч, энэ соёлыг дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулна гэж найддаг.

-Хангай гэдэг нэртэй болсон түүхээсээ хуваалцаач?

-Надад Хангай гэдэг нэрийг өгсөн хүн бол миний талийгаач багш маань байгаа юм. Өвөрмонгол хүн л дээ. Хэдэн жилийн өмнө бурхан болсон. Тэр Өвөрмонголдоо үнэхээр алдартай багш байсан. Намайг доороо авч, монгол соёлыг суралцахад тусалсан хүн. Багш маань надаас нэг өдөр “чиний нэр ямар утгатай юм бэ” гэж асуухад нь “хөндий” гэдэг утгатай гэж тайлбарласан. Тэгээд тэр надад монгол нэр бодож байгаад Хангай гэдэг нэр чамд тохирох юм байна, хүчтэй, гоё монгол нэр болохоор чамд их зохино гэж хэлсэн. Түүнээс хойш удаагүй болсон нэг наадам дээр намайг Америк Хангай хэмээн зарлахад би шинээр дахин төрсөн мэт л санагдсан. Ингэж л би Хангай гэдэг нэртэй бослон юм даа.

-О.Хангай аваргын талаар хэр мэдэх үү, түүнтэй уулзаж байв уу?

-2022 онд О.Хангай наадамд түрүүлсэн байх, тийм үү. Түүнийг наадамд түрүүлдэг яг тэр өдөр би бас Өвөрмонгод наадамд түрүүлсэн. Хүмүүс монгол Хангай наадамд түрүүлж байхад Америк Хангай ч бас түрүүлчихлээ шүү гэж ярьж, тэр өдрийг Хангайгийн өдөр гэж нэрлэж байлаа. Би одоогоор түүнтэй уулзаж үзээгүй ч гэлээ бид сүнсээрээ холбогдсон юм шиг надад санагддаг. Нэг л өдөр О.Хангай аваргатай уулзаж, түүнээс мэх суралцана гэж найдаж байна.

-Монголд сар шинийн баяр болж байгаа. Энэ баярын талаар та хэр мэдэх үү?

-Сүүлийн долоон жил би жил бүр Өвөрмонголд юм уу Монголд сар шинийн баяр тэмдэглэж байгаа. Цагаан сарын хамгийн дуртай зүйл маань өдөржин идэх. Бууз идээд л үнэхээр гоё. Тиймдээ ч би Монголд цагаан сар тэмдэглэхээр энд эрт ирсэн.

-Цагаан сарын баяраар авч байсан мартагддаггүй бэлэг бий юу?

-Нэг жил цагаан сарын баяраар багштайгаа хамт хөдөө байж, ойр хавийнх нь бүх айлаар орж золгосон. Тэд өөр өөр амьдралтай, өөр өөрсдийнхөөрөө цагаан сарыг тэмдэглэж байсан ч бүгд маш сайхан сэтгэл гаргаж, үндэсний баяраа чин сэтгэлээсээ тэмдэглэж байсан. Надад ёстой олон төрлийн бэлэг өгсөн шүү. Гэхдээ нэг эмээгийн өгсөн бэлэг миний сэтгэлээс гардаггүй юм. Тэр хүндхэн амьдралтай байсан ч байгаа бүхнээ өгч байгааг нь хараад үнэхээр сайхан санагдсан. Тэр намайг таньдаггүй мөртлөө л намайг гэртээ оруулахыг зөвшөөрч, гэр бүлийн гишүүн шигээ угтаж, надад байгаа бүхнээ өгсөн нь монгол хүний сайхан сэтгэл, уужуу байдлыг ойлгуулсан даа. Тэр үйл явдал намайг монголын соёлд гүн гүнзгий дурлуулсан гэж болно.

-Энэ жил цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байна?

-Энэ жил би хөдөө явж зарим барилддаг найзуудынхаараа очиж золгоно. Хоёр гадаад найзыгаа бас Монголд урьчхаад байгаа. Тэдэнд монголын соёлыг танилцуулж, яагаад би үүнд ингэтлээ татагдаад байгаагаа харуулмаар байна.

-Гэр бүлийнхэн нь одоо хаана байдаг вэ. Монгол бөх сонирхдгийг нь хэр дэмждэг бол?

-Манай гэр бүлийнхний зарим нь Германд зарим нь Америкт амьдардаг. Би хүүхэд байхаасаа тулааны урлагт дуртай хүүхэд байлаа. Тэгээд том болоод нэг л өдөр гэрийнхэндээ “Би Монгол руу очиж барилдмаар байна” гэхэд үнэхээр гайхаж хүлээж авсан. Өмнө нь манай ойр дотнын ямар ч хүн тэгж байгаагүй болохоор тэр байх л даа. Гэхдээ одоо тэд намайг маш их дэмжиж, миний барилдаж байгаа бичлэгийг хүмүүст харуулаад “энэ миний хүү шүү дээ, монгол бөхөөр барилдаг юм” гэж бахархан ярьдаг.

-Монгол бөхийн юу нь таныг тэгтлээ их татдаг юм бэ?

-Монгол бөх чамд амьдралыг заах болно. Энэ бол хэрхэн зөв хүн байж, хүчирхэг амьдрах тухай философи гэж би ойлгодог. Намайг илүү дээр эр хүн болоход тусалсан. Монгол бөх намайг аль нэг зүйлдээ бус бүхэлдээ дурлуулсан гэж ойлгож болно. Бусад барилдааны спортууд бол зүгээр л спорт. Харин монгол бөх бол хэрхэн амьдрах тухай урлаг гэж би ойлгодог. Монгол бөхөөр барилдсанаар хүмүүсийн оюун ухаан, сэтгэл зүй, зүрх сэтгэлийг би илүү ойлгох болсон. Миний хувьд одоо монгол бөх бол миний амьдралаа зориулах бүх зүйл.

-Нийт монголчуудад хандаад сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Бүгдээрээ сар шинэдээ сайхан шинэлээрэй. Сайн идэж, гэр бүл, найзуудтайгаа цагийн сайхан өнгөрөөгөөрэй.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө