"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хурал ирэх пүрэв гарагт товлогджээ

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хурал ирэх пүрэв гарагт товлогджээ

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 26-ны өдөр болохоор товлогджээ. 

Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 895 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1240 дүгээр магадлалтай, Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Б.Мөнхболд, Б.Алтаншагай, О.Лувсандагва, О.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбадрах, Ц.Хадбаатар, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Б.Баярмаа, А.Чойжилсүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, С.Бямбасүрэн, Ж.Эрдэнэбат, А.Ганхуяг, Ц.Болортуяа, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нарт холбогдох хэргийг иргэний нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбилэг, шүүгдэгч Б.Түмэнжаргалын өмгөөлөгч Х.Базаррагчаа, Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, шүүгдэгч С.Жавхлантбаатарын өмгөөлөгч С.Соронзонболд, Н.Ууганцэцэг, шүүгдэгч Д.Цогтбадрахын өмгөөлөгч Л.Энх-Амгалан, шүүгдэгч Б.Дөлгөөн, Б.Баярмаа нарын өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч Ш.Баярсүх, түүний өмгөөлөгч Г.Намуун, шүүгдэгч Ц.Хадбаатар, түүний өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч Б.Мөнхболдын өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч А.Чойжилсүрэн, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цолмон, түүний өмгөөлөгч О.Даваажаргал, шүүгдэгч С.Бямбасүрэнгийн өмгөөлөгч А.Зоригтбаатар нарын гаргасан гомдлууд, прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус үндэслэн хянан хэлэлцэхээр болжээ. 

Анхан шатны шүүхээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын хэргийг цагаатгасан бол "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт 3 жилийн хорих ял, Ажлын хэсгийн гишүүн А.Чойжилсүрэнд 2.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Б.Баярмаад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноож шийдвэрлэсэн байдаг.  Харин давж заалдах шатны шүүх А.Ганхуягт хорих ял оноосон залилах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.