Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид хоорондоо маргалдсаны улмаас нэгнээ хутгалсан хэрэг энэ сарын эхээр гарсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хутгалуулсан алба хаагчийн биеийн байдал онцын аюулгүй байгаа бөгөөд уг хэрэг нь таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байж болзошгүй гэж мэдүүлжээ. Одоогоор хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байна. Ингэснээр тус ангид хугацаат цэргийн алба хаагчдын хооронд гарсан зодоон, хүч хэрэглэсэн гурав дахь тохиолдол хоёр сар хүрэхгүй хугацаанд бүртгэгдэж байгаа юм.
Эргэн сануулахад, 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд цэргүүд нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд тархаж, уг асуудал олон нийтийн анхаарлыг татсан. Үүнтэй холбоотойгоор Дотоодын цэргийн командлагч болон 05 дугаар ангийн захирагч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Мөн 2026 оны нэгдүгээр сарын 24-нд тус ангид алба хаагчид хоорондоо зодолдож, нэг цэргийн эрүү хугарч, мэс засалд орсон хэрэг гарч байв.