Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 101 жилийн ой энэ лхагва гарагт тохионо.
Тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн. Түүхэн хууль батлагдсанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг "Улс тунхагласны баяр" болгон зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.