Энэ удаа бид могой тэжээгч Э.Тамир хүүтэй ярилцлаа. Түүний хувьд 16 настай, 11 дүгээр ангийн сурагч бөгөөд хоёр жилийн өмнөөс могой тэжээх болжээ. Одоо түүнд нийт 16 могой байгаа бөгөөд заримыг нь зарж, заримыг нь үржилд оруулдаг байна. Анх түүний ээж, эгч нар нь могой тэжээхэд нь дуртай байгаагүй ч аав нь хамгийн их дэмждэг байсан аж. Ер нь аав нь түүнийг бага байхаас л матар, загас, аалз зэрэг олон төрлийн амьтан тэжээдэг байсан тул Э.Тамир хүү багаасаа амьтанд хайртай болж өсжээ. Ингээд түүнйи ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Багаасаа л могой зэрэг мөлхөгч амьтан сонирхдог байсан уу?
-Би ер нь хэвлээр явагч амьтан их сонирхдог. Хоёр жилийн өмнөөс л их сонирхож эхэлсэн дээ. Манай аав намайг бага байхад матар, загас, аалз зэрэг сонирхолтой амьтан тэжээдэг байсан. Тэгээд би том болоод жаахан юм ойлгодог болох үедээ хэвлээр явагч амьтан сонирхож эхэлсэн.
-Одоо өөрт чинь хэдэн төрлийн хэчнээн могой байгаа бол?
-Одоо надан дөрвөн төрлийн нийт 16 могой байгаа.
-Могойноос ихэнх хүмүүс айгаад байдаг шүү дээ. Бас могойгоо яагаад заръя гэж бодсон юм бэ?
-Би бас анх айдаг байсан. Тэгээд хэвлээр явагчдын өдөрлөгт очоод могой барьж үзээд, сүүлдээ дасаад айхаа больж, сонирхож эхэлсэн. Тэгээд энэ хоббигоо бизнес болгое гэж шийдээд заримыг нь зарж эхэлсэн дээ. Анх бол 18 могой оруулж ирж байсан.

-Одоогоор энд ямар могойнууд байна вэ. Танилцуулж өгөөч?
-Хамгийн жижиг хогнос гээд могой маань дөрвөн сартай. Энэ могой маань том болохоороо урт нь 50-60 см болдаг. Нэг их урт болдоггүй гэж болно. Харин хжуу талынх нь хар могой нь калифорниа кинг гэдэг могой. Уртаараа 1 метр, 30 см орчим болдог. Хортой могойгоо шууд идчихдэг. Байгаль дээрээ хаан могой гэж ярьдаг учраас мэрэгч амьтдыг бүгдийг нь идчихдэг. Түүний хажуу талынх нь мексикан блакинг могой. Энэ нь мөн л хорны эсрэг дархлаатай, 1.6 жилийн настай байгаа.



-Хэдэн нас хүрээд могой нас биеэнд хүрдэг юм бэ?
-Жин бас урт нь гүйцихвэл ерөнхийдөө үржилд ороход бэлэн гэж үздэг. Могойнуудаа урдаас захиалаад авдаг.
Анх бол өөрөө аавтайгаа явж авч байсан. Одоо болохоор өөрөө харж байгаад авчихдаг. Хүмүүс их асуудаг ч яг худалдаж авдаг нь цөөхөн байдаг даа.
-Могой тэжээхийг аав нь бол дэмждэг юм байна. Ээж нь хэрхэн хүлээж авдаг бол?
-Ээж анхандаа жаахан дургүй байсан. Сүүлдээ бүр дасаад элдэв дуу чимээ гаргахгүй, хөөрхөн ч юм уу гэдэг. Манай эгч харин ямар аймар юм бэ, ямар заваан юм бэ гэдэг. Би тэгээд л хобби юм даа гээд сууж байдаг даа.

-Могой ер нь ямар орчинд амьдардаг, тэжээхэд хэр хэцүү амьтан бол?
-Миний могойнууд 10 градус хүртэл тэсвэртэй байж чаддаг. Аварга могойнуудаа бодвол тэжээхэд арай хялбар. Чийг, хоол нь байхад л болчихдлог доо. Залуу могойг тав хоногт нэг хооллоод байвал болно. Том могой бол 14 хоногтоо нэг хоол иддэг.
-Чиний могойнууд нь хаздаг уу?
-Гэнэт эвгүй бариад авчихвал зочоод хатгах томхиолдол байдаг. Угаас могойнуудынхаа занг нь мэддэг болохоор хаздаг, хаздаггүй могойгоо сайн мэднэ.
Бас хоёр хогнос могойгоо үржүүлж үзэх бодолтой байгаа. Могойгоо олон болгохдоо биш, үржүүлээд тэр мэдрэмжийг нь авах их гоё санагддаг. Өндгийг нь өөрөө гаргах, энкубаторт хүлээх гэх зэрэг явц нь сонирхолтой байдаг. Гэхдээ могой бариад байж байхад ер нь кайфтай. Хөдөлж байгааг нь харахаар хөөрхөн санагддаг. Бас могойн шүд дотогш харсан байдаг учраас нэг зуучихвал татахаар улам шүд нь шигддэг. Тэгэхээр шууд татахгүйгээр усанд дүрвэл өөрөө амьсгалж чадахгүй болоод тавьчихдаг шүү.

-Могой тэжээдэг хүмүүст өнгө, хэлбэр их чухал байдаг юм шиг байгаа юм. Тийм үү?
-Тийм. Хээ нь их чухал. Хээнээсээ болж могойны үнэ ч буурдаг. Хогнос дээр бол зөвхөн толгой дээрээ л хээтэй, биеийнхээ хойш ууссан хээтэй бол их гоё санагддаг. Тэр нь үнэтэй юм байна лээ.
-Ирээдүйд бүр том амьтны дэлгүүртэй болохыг зорьж байгаа юу?
-Миний зорилго бол өрөө дүүрэн янз бүрийн мөлхөгч амьтантай болох. Ер нь амьтан тэжээнээ гэдэг стрессээс хол байна гэсэн үг. Бас амьтан тэжээдэг болсноос хойш гадуур тэнэхээ больж, амьтнаа л хардаг болсон. Бусад хүүхдүүд маань бас амьтан тэжээгээд үзээрэй. Илүү тууштай, тэвчээртэй болгодог. Хүүхэд, залуучуудыгаа ямар нэгэн амьтан тэжээж, амьтанд хайртай байгаарай гэж уриалж байна.

