Маргааш буюу энэ сарын 22-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Тодруулбал, энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, энэ сарын 22, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 26-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Маргааш буюу энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -15...-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.
Улаанбаатарт энэ сарын 23, 25-нд цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 23,25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ирэх даваа гараг буюу энэ сарын 23-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -24..-29 градус, бусад хэсгээр -18...-23 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. Өнөөдөр буюу энэ сарын 21, мөн энэ сарын 24-ний өдрүүдэд хүйтний эрч сулавтар байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.