Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" өнөөдөр /2025.11.21/ тохиож байна. Жил бүр Монгол бахархлын өдрөөр төр, нийгэмд үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
ШУУД:
Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академи/ШУА/-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, нийгмийн зүтгэлтэн Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээхээр болоод байгаа.
Мөн яг одоо “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулж Сүхбаатарын талбайд Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордон гороолуулж цэнгүүлэх ёслол болж байна.
Сонирхуулахад, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг жилдээ хоёр удаа л Төрийн ордноос гаргаж, цэнгүүлдэг уламжлалтай. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордон гороолуулж цэнгүүлэх, Баяр-Наадмын нээлтийн өдрийн өглөө Төв цэнгэлдэх хүрээлэн рүү харуул хамгаалалттай хүндэтгэн залж төв хүрээлэнгийн төвд байрлулдаг уламжлалтай. Мөн Монгол Улсын Бахархлын өдөр буюу Чингис хааны мэндэлсэн өдөр Төрийн ордонг тойруулж гороолдог байна.