СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Өнөөдөр /2025.10.16/ Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Харин маргааш /2025.10.17/ зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд мөстөлт, хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна. Тодруулбал, маргааш буюу энэ сарын 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Энэ сарын 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно.

Салхи энэ сарын 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.