ХЭРГИЙН МӨРӨӨР: Сураггүй алга болсон хоёр настай хүүг "Гаднын нөлөөгүй, харангадаж нас барсан" гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

ХЭРГИЙН МӨРӨӨР: Сураггүй алга болсон хоёр настай хүүг "Гаднын нөлөөгүй, харангадаж нас барсан" гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

Хөвсгөл аймгийн Тариалан суманд хоёр настай хүүхэд сураггүй алга болж, улмаар амиа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гараад байгаа.

Тодруулбал,  Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн "Сайхан мод" хэмээх газраас есдүгээр сарын 17-ны /2025.09.17/ өдөр хоёр настай эрэгтэй хүүхэд сураггүй болсон юм. Улмаар хүүг эрэн хайх ажиллагааг онцгой, цагдаа, Зэвсэгт хүчний алба хаагчид гээд бүхий л мэргэжлийн байгууллагууд болон олон зуун иргэд агаараар болон газраар, эрэлч нохойн хамтаар явуулсан ч үр дүнд хүрээгүй. Эцэст нь хүүгийн ар гэрийнхэн нь эрлийн ажиллагааг зогсоох хүсэлт гаргаж, эрлийн ажиллагаанд оролцож байсан нийт бүрэлдэхүүнийг буцаан, аймгийн онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагааг 72 цаг үргэлжлүүлэхээр болсон байдаг. Ингээд эрлийн багийнхан хүүгийн цогцсыг есдүгээр сарын 25-ны /2025.09.25/ өдөр буюу алга болсноос ес хоногин дараа олж, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байсан юм.

-ХҮҮГИЙН БИЕД ИЛ ХАРАГДАХ ШАРХГҮЙ БАЙСАН НЬ ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТЭЭР БАТЛАГДЖЭЭ-

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг "Хоёр настай хүүхэд алга болсон дуудлага анх есдүгээр сарын 17-нд бүртгэгдсэн. Хүүгийн цогцсыг өнөөдөр /2025.09.25/ 16 цагийн орчимд анх алга болсон газраас 3-4 км зайтай газраас оллоо. Хүүгийн цогцсыг мод, тал хосолсон газраас олсон. Өнөөдрийг хүртэл холбогдох хууль журмын дагуу бид авах ёстой арга хэмжээгээ авсаар ирсэн. Цогцос олдсон газар хамгаалалт авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Шинжээчийн дүгнэлт гарахаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой” гэдгийг тодотгож байсан юм. Харин албан бус эх сурвалжууд хүүгийн цогцос түрүүлэгээ хараад унасан байдалтай, өвсөн доороос ил харагдах шарх, гэмтэлгүй олдсон гэдгийг хэлж байв.

Тэгвэл амь насаа алдсан хүүгийн цогцост хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал "Хүүг гаднын нөлөөгүй, харангадаж нас барсан" гэсэн дүгнэлт гарсан гэх мэдээлэл байна.

Эрлийн үеэр болон хүүгийн цогцсыг олдсоны дараа олон нийтийн дунд "Сураггүй алга болсон хүүг гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй" гэсэн таамаг мэдээлэл хөвөрч, эл хэргийг хуулийн байгууллага сайтар шалгах ёстой гэдгийг шаардаж байсан юм.

-ХҮҮГИЙН ЭЭЖ С.МЯГМАРСҮРЭН "ХҮҮГЭЭ ОЛДОНО" ГЭСЭН ИТГЭЛЭЭ ЭЦСЭЭ ХҮРТЭЛ АЛДААГҮЙ-

Тухайлбал, сураггүй алга болсон хүүгийн ээж С.Мягмарсүрэнг хэвлэлд ярилцлага өгсний дараа зарим иргэд "Хүүгийн ээжийг хүртэл бяцхан хүүгийнх нь сураггүй болсон хэрэгт холбоотой байж болзошгүй" гэх хатуу үгийг хэлж байлаа. Гэвч хүүгээ алдсан ээж цогсцсыг нь олдох хүртэл "Хүүгээ олдоно" гэсэн итгэл найдвараа алдаагүй, тээсээр байсан гэдгийг нутгийнхан нь хэлж байгаа юм.

Тэрбээр тухайн үед "Бид Тариалан суманд ирээд дөрөв дэх жилдээ өвөлжих гэж байна. Саахалт айлын хүмүүстэйгээ мод бэлтгэхээр ярилцаад аав, ах хоёр маань ачааны машинаа унаад би нөхөр, хоёр хүүхэдтэйгээ араас нь машинтайгаа ирсэн. Ууланд ирэхэд хүүхдүүд унтсан байсан тул бага охиноо урд талын суудал дээрээ, харин хүүгээ хойд талын суудал дээр унтуулж үлдээгээд үүс бөөгнүүлж байгаад шуудай авахаар 200 метр зайд байрлах машин дээрээ очоод тэндээс ажиллахгүй байгаа хөрөө аваад 20 орчим минутын дараа ирэхэд хүү маань байхгүй байсан. Тэгээд аавыг нь орилж дуудаад хамтдаа энэ хавиараа зөндөө хайсан ч олоогүй. Тэр үедээ утсаар ярьж, дуудлага өгөх ухаан байгаагүй. Тэгээд нөхөр маань утсаар ярьж дуудлага өгөөрэй гэхэд нь ухаан ороод дуудлага өгч, хүмүүс ирж хайлцсан боловч өнөөг хүртэл ямар ч ул мөр олдохгүй байгаа. Уг нь сэрээд машинаас гарсан бол гарахдаа дүүгээ хараад орхиод явахгүй л байх байсан гэж бодогдоод байгаа. Хүүгээ анхнаасаа л олдох юм шиг, хаа нэгтээ байгаа юм шиг л санагдаад байх юм" хэмээн ярьж байсан ч харамсалтай нь хүүг эсэн мэнд олж чадаагүй юм.

Сураггүй алга болсон хүүгийн цогцсыг эрэн хайх ажиллагаа явуулж байсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид олсон бөгөөд Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Давааны ар” багийн нутаг Баянбэлчирийн даваа, Нялуугийн рашааны урд энгэрээс цогцсыг олж, Цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн байдаг. Тус газар нь сийрэг модтой, хүүхэд алга болсон цэгээс зүүн хойд зүгт явганаар шулуун явахад 9 км, бартаа саад ихтэй, автомашинаар явахад 18 км-ын зайтай газар гэдгийг ОБЕГ-аас тодотгож байсан юм.  

Харин хүүг эрэн хайх ажилд мэргэжлийн байгууллагуудаас гадна сайн дурын 1000 орчим иргэд оролцсон байдаг. Эрлийн ажилд оролцсон нэгэн иргэн олон нийтийн сүлжээнд, "жолоочийн арын суудалд унтаж байсан хүү автомашины хаалгыг шууд онгойлгоод гарсан бол чанх хойшоо явах магадлалтай" хэмээн ярьж байсан юм. Тэгвэл хүүгийн цогцос алга болсон газраас чанх хойд зүгээс олдсон байдаг. Мөн эрлийн ажилд оролцож байсан албаныхан тухайн үед, чоно зэрэг хээрийн амьтад агнаж, гэдэс дотрыг нь хүртэл шалгах зэргээр байж болох бүх хяналт шалгалтыг явуулсан ч ямар нэг ул мөр олдоогүй гэдэг.