Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлж, төрийн одон медалиар шагналаа.

Энэ үеэр алба хаагчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай гүйцэтгэснийг тэмдэглэлээ. Ялангуяа энэ оны 04, 05 дугаар сард Өмнөд Суданы Юнити мужид болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр 1,500 орчим иргэн, НҮБ-ын ажилчдыг бүрэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг нь ханган, 800 орчим дүрвэгч бүхий цувааны хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулсныг онцоллоо.

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • Цэргийн багийн ахлагч, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн Энхийг дэмжих ажиллагааны ахлах офицер, хурандаа Дуламжавын Эрдэнэбилэг,
  • Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн Дүрэм, заавар боловсруулах судалгааны ахлах офицер, дэд хурандаа Нямсүрэнгийн Шинэбаяр,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:

  • Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Чантуугийн Батчулуун,
  • Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Ахлагчийн хөгжлийн төвийн дарга, тэргүүн ахлагч Төмөрхуягийн Сандагдорж,

ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академийн цэргийн операци-тактикийн төвийн багш, хошууч Мөнхбаярын Бат-Эрдэнэ,
  • Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисэхийн тусгай тоноглолтой авто техникийн инженер, ахмад Сүхбатын Баасандорж,
  • Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ангийн тэргүүн ахлагч Батсанаагийн Баднаанямбуу нарын 38 алба хаагчийг,

ЭНХИЙН ТӨЛӨӨ МЕДАЛИАР:

  • Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн химич, ариутгагч, дэд ахлагч Сүхбаатарын Баасанхорол,
  • Хилийн цэргийн 303 дугаар ангийн холбоочин, ахлагч Баттогтохын Болорчимэг,
  • Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын аврагч, ахлах ахлагч Дэмбэрэлийн Төрсүлд нарын 437 алба хаагчийг шагналаа.