Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах үүднээс мод тарих, ургуулах, арчлах ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, соён гэгээрүүлэх зорилго бүхий “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд
- 2021 онд “Зөв мод-зөв арчилгаа”,
- 2022 онд “Байгалиа бүтээе”,
- 2023 онд “Мод тарьж байгалиа бүтээе”,
- 2024 онд “Хүн бүр мод тарьцгаая”, “Алтан намар мод тарих цаг”,
- 2025 онд “Хашаандаа мод тарья” аянуудыг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Экологийн цагдаагийн алба, Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэй энэ 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” мэдээлэл нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь доройтсон ойг нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтол, хөрсний элэгдсэн эвдрэлийн эсрэг хамгаалалтын зурвас байгуулах, хот суурин газарт ногоон байгууламж байгуулах гэсэн 3 зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд намрын улиралд тарьсан модоо арчлах, хамгаалах, өвөлжүүлэх бэлтгэл хангах чиглэлээр “Тарьсан модоо арчилцгаая” уриалга гаргаж, иргэд олон нийтэд мэдээлэл бэлтгэн хүргэхээр зорьжээ. Түүнчлэн Үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 114,6 сая орчим мод тарьж, хангалттай хэмжээний тарьц, суулгацын нөөц бүрдээд байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн. Иймд иргэд, байгууллага та бүхэн арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, Намрын мод тарилтад оролцох, тарьсан модоо арчлан хамгаалахыг уриалж байна.