2025 оны аравдугаар сарын 2-ны өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг үйлдвэрлэлийн ослоор хоёр гараа алдсан Монгол иргэн О (37 настай)-гийн гэрт зочилж, түүнтэй биечлэн уулзсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Тодруулбал, Монгол иргэн О нь 2019 оны арванхоёрдугаар сард нарны зай хураагуур суурилуулж байхдаа өндөр хүчдэлд цохиулсны улмаас олон удаа хагалгаанд орж, хоёр гараа алдсан байна. Хэдийгээр компани хариуцлага үүрэх байсан ч шүүхээр хүлээсэн хохирлоо огт барагдуулаагүй аж. Улмаар монгол иргэн О зургаан жилийн турш түлэгдэлтийн эмчилгээ хийлгэж, санхүүгийн хүндрэлд орж, хандивын аян хүртэл өрнүүлж байжээ.
Уулзалтын үеэр БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг, "Эрүүл, хөдөлмөрч залуу гэнэтийн ослоор гараа алдсан байна. Энэ бол нэг хүний энгийн алдаа биш, харин зардал хэмнэхийн тулд бусдын амь насыг эрсдэлд оруулсан компанийн буруу. Үүнд гүнээ харамсаж байна" гэжээ. Улмаар Хууль зүйн яам болон бусад холбогдох яамдтай нягт харилцаж, монгол иргэн О-ийн цаашдын эмчилгээ болон түүний гэр бүлийнхнийг Солонгост үлдэх визийг олгох зэрэг асуудалд анхаарч ажиллахаа амласан байна. Учир нь монгол иргэн О нь G-1 түр визтэй бөгөөд энэхүү визийг дүрвэгсдийн хүсэлт, шүүхэд нэхэмжлэл гаргах, эмчилгээ хийлгэх гэх мэт хүмүүнлэгийн шалтгаанаар Солонгост оршин суух бусад шаардлагыг хангаагүй гадаадын иргэдэд олгодог. Харин монгол иргэн О-г эмчилгээ хийлгэж байх хугацаанд л визийг сунгах боломжтой юм. Хэрэв цаашид эмчлэх шаардлагагүй гэж үзвэл виз сунгахад хүндрэлтэй болно гэсэн үг. Иймд уг визний асуудалд анхаарна гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн Ассамблейн дарга Ү "Үндэсний ассемблэй энэ асуудалд хариуцлага хүлээж, үйлдвэрлэлийн ослын хохирогчдод нөхөн олговор олгох, тогтвортой оршин суух хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг тогтолцоог сайжруулахын төлөө хичээх болно” гэсэн байна.
Эх сурвалж: N news