Дундговь аймгийн Байгаль орчны газар, “Өнө Мөнхийн Монгол” төсөл, Монголын байгаль хамгаалагчдын холбоо хамтран аймгийн хэмжээнд томилогдсон идэвхтэн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, үр дүнгээр урамшуулах журмыг танилцуулах, идэвхжүүлэх, аймгийн биологийн олон янз байдлын ашиглалт, хамгаалалтын талаар мэдээлэл өгөх, Өнө мөнхийн Монгол төслийн танилцуулга хийх сургалтыг зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох дугуй ширээний уулзалтыг өнгөрсөн сарын 25-ны өдөр хийжээ.
Сургалтад Дундговь аймгийн сумдын байгаль орчны мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, шинээр томилогдох 11 идэвхтэн байгаль хамгаалагчид нийт 48 хүн оролцсон байна.
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун "Сургалтын үйл ажиллагаанд оролцож идэвхтэн байгаль хамгаалагчдыг дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийлье. Одоогоор аймгийн хэмжээнд улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар 8 байгаль хамгаалагч, 33 идэвхтэн байгаль хамгаалагч ажилладаг. Шинээр 10 иргэн идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх, тэмдгээ гардан авснаар 43 идэвхтэн байгаль хамгаалагчтай болж байна. Хамтран ажилласан Монголын байгаль хамгаалагчдын холбоо, Өнө мөнхийн Монгол байгаль хамгаалах байнгын санхүүжилттэй хөтөлбөрийн төслийн хамт олондоо талархал илэрхийлье" гэв.