ВИДЕО: Л.Оюун-Эрдэнэ, “Намын даргаа Г.Занданшатарт өгнө” гэсэн амлалтдаа хүрч, Д.Амарбаясгалан "өрсөлдөөгүй" бол МАН хагарч, монголын зовлон болохгүй байв

ВИДЕО: Л.Оюун-Эрдэнэ, “Намын даргаа Г.Занданшатарт өгнө” гэсэн амлалтдаа хүрч, Д.Амарбаясгалан "өрсөлдөөгүй" бол МАН хагарч, монголын зовлон болохгүй байв

Өнөөдөр /2025.09.27/ болох МАН-ын Бага хурлын гол асуудал нь Л.Оюун-Эрдэнэ намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, улмаар дараагийн даргаа тодруулах явдал юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхээ ил тод зарласан бол Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөх нь тодорхой байгаа.

Өнөөдрийн хурлаар МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийн гуравны хоёрын дэмжлэгийг авсан нэр дэвшигч намын даргаар сонгогдсонд тооцогдоно. Харин энэ босгыг хэн ч давж чадахгүй бол намын шинэ дарга 45 хоногийн дараа болох МАН-ын Их хурлаар тодрох юм. Гэвч МАН-ын даргын сунгаанд Д.Амарбаясгалан орж ирснээр тус намын дотод урьд өмнө үзэгдээгүй хуваагдал, хагралыг бий болгоод байна.

Товчхондоо, Д.Амарбаясгалан МАН-ын даргын өрсөлдөөнд ороогүй бол тус нам өнөөдрийнх шиг ингэж задарч, хуваагдахгүй байсан юм.

Учир нь өнгөрөгч зургаадугаар сарын 09 /2025.06.09/-ны өдөр болсон МАН-ын Бага хурал дээр Л.Оюун-Эрдэнэ, “Бид нэгэнтээ хамтын шийдвэр гаргасан бол хамтын шийдвэртээ хатуу зогсдог итгэл үнэмшилтэй байх ёстой. Бид шинэ Ерөнхий сайддаа бүх талын дэмжлэгийг үзүүлэх учиртай. Намын даргын ажлыг ч гэсэн удахгүй Ерөнхий сайддаа шилжүүлж өгнө. Энэ бол зарчим” хэмээн мэдэгдэж, Г.Занданшатарыг Ерөнхий сайд болж байгааг дэмжиж байжээ.

ВИДЕО:  2025.06.09-ны өдрийн МАН-ын Бага хурал дээр Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг задрав. 

Иймд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийн дагуу өнгөрөгч долоодугаар сар /2025.07/-д МАН-ын Бага хурал хуралдаж Г.Занданшатарыг МАН-ын даргаар сонгох гэж байсан ч, Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөөр ил, далд уулзалтууд хийж эхэлсэн тул Л.Оюун-Эрдэнэ МАН доторх нөлөөгөө Д.Амарбаясгалангаар дамжуулан авч үлдэхээр Бага хурлаа зарлахгүй явсаар Монгол Ардын намын даргын сунгаа УИХ-ын намрын чуулганд үүдэнд ирж, тэдний зөрчил өдгөө монголын зовлон болсон байна.

Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүдийг Архангай аймагт байрлах “Цэнхэрийн амралт”-нд дуудан улс төрийн уулзалт хийсэн гээд тэд өнгөрөгч зун тасралтгүй Г.Занданшатарын эсрэг талцал, хуваагдлыг тасралтгүй хийжээ.

-М.ЭНХБОЛДООС Д.АМАРБАЯСГАЛАН УРВАЖ, “60 ТЭРБУМЫН БИЧЛЭГИЙГ ЭВЛҮҮЛЭГ БИШ” ХЭМЭЭН МЭДЭГДЭЖ, УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ 33x32 БОЛОН ХУВААГДАЖ БАЙВ-

Тэгвэл энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Энхбаяр NTV телевизийн ярилцлагад орж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр холбогддог асуудлыг сөхсөн. Энэ нь “МАН-ын даргад өрсөлдөнө” гэж мэдэгдээд буй Д.Амарбаясгаланг шууд онилсон алхам болж, түүнийг яаравчлан хэвлэлийн хурал хийхэд хүргэсэн юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн хурлынхаа үеэр, “Г.Занданшатар, Б.Батцэцэг, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр тэргүүтэй хов зөөгчдөөс болж МАН хагарлаа” гэж мэдэгдсэн юм.

Гэтэл Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/-аар ажилласан 8 жилийн хугацаанд тус нам дотроо хагарч эхэлсэн гэдэг.

Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын даргаар М.Энхболдоос ЕНБД Д.Амарбаясгалан нь урваж, АТГ-ын гадаа “60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэж хэлсэндээ харамсаж байна” хэмээн мэдэгдэж, МАН-аа хагалж байжээ. Харин үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн 33x32 болон хуваагдаж, Засгийн газраа унагааж байлаа.

ВИДЕО:  Д.Амарбаясгалангийн "60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэж хэлсэндээ харамсаж байна" хэмээн хийсэн хэвлэлийн хурал. 2017 он

Мөн МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны тэргүүнээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ажиллаж байхдаа, тус холбоо мөн хоёр хувааж байсан юм. Тодруулбал, НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байгаад 2012 оны сонгуулийн дараа боловсролоо дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон байдаг. Иймд түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ажиллаж байсан юм. Харин Л.Оюун-Эрдэнийг сургуулиа төгсөөд Монголдоо ирэх болсонтой тул НАМЗХ-г түүнд буцааж авч өгөхийн тулд тус холбоог “өв залгамжлагчид” ба “Харвард”-ынхан хэмээн хоёр хувааж орхисон байдаг. Гэтэл НАМЗХ-нд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын бий болгосон энэхүү хагарал одоо ч үргэлжилдэг гэдэг.