Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах улс төрийн шийдвэрийг долоо хоногийн өмнө /2025.05.21/ МАН-ын Бага хурлаас гарсан. Тодруулбал, хамтарсан Засгийн газраас "гэрээгээ зөрчсөн" гэх үндэслэлээр Ардчилсан намыг хасаж, МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлж ажиллах саналыг Бага хурлын гишүүдийн олонх нь буюу 68 хувь нь дэмжсэн. Иймд өнгөрсөн долоо хоногт гаргасан МАН-ын Бага хурлын шийдвэрээс хойш хамтарсан Засгийн газрын шийдвэр легитим чанаргүй гэж үзэх хуульчид ч олон байна.
ВИДЕО: МАН-ын Бага хурлын бичлэг ил болов
-ИРГЭД ШААРДЛАГАА ТАВЬЖ ЖАГССААР БАЙТАЛ НИЙГМИЙН ДЭМЖЛЭГГҮЙ ҮЕЭЛ Х.НЯМБААТАРЫГАА ЕРӨНХИЙ САЙДАД ЗҮТГҮҮЛЖ ХҮРТЭЛ ҮЗЭВ-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд "хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй бол ёс зүйн хариуцлага хүлээнэ" гэдгээ Бага хурлынхаа үеэр мэдэгдсэн бөгөөд энэ нь олон нийтэд ч ил боллоо. Тийм ч учраас Бага хурлаас "хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй. Дараагийн удаа МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлээд ажиллах ёстой" гэсэн шийдвэрийг гаргажээ. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэл үзүүлэхгүй, одоогийн хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй, ёс зүйн хариуцлагаа хүлээ гэсэн илэрхийлэл юм.
Тэд өнгөн талдаа АН-ыг урдаа барьснаас биш цөөнхийн төлөөлөл Бага хурлаас улс төрийн шийдвэрийг тодорхой гаргачихсан нь энэ. Улс төрийн намын дүрэм, энд тогтсон харилцаанд цөөнхийн төлөөллийн шийдвэрийг хатуу дагаж, сөрдөггүй уламжлалтай. Энэ утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Бага хурлын шийдвэрээ дагаад ёс зүйн хариуцлага хүлээж огцрох өргөдлөө өгнө гэж иргэд олон нийт долоо хоног хүлээлээ.
Гэтэл тэрбээр энэ хугацаанд нам гүм алга болж, наана байх төлөөллөөрөө "Бага хурлаас Ерөнхий сайдыг огцруулах ямар ч шийдвэрийг гаргаагүй" гэдэг мессежийг өгүүлж олон нийтийг бухимдуулав. Гадна нь иргэд шаардлагаа тавьж жагссаар байтал нийгмийн дэмжлэггүй үеэл Х.Нямбаатарыгаа Ерөнхий сайдад хөшигний ард зүтгүүлж хүртэл үзэв.
-БАГА ХУРЛЫН ШИЙДВЭРИЙН ДАГУУ ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭГЭЭД ОГЦРОХ ЁСТОЙ БАЙТАЛ "ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЭСЭХ" ГЭСЭН ТЭС ӨӨР АГУУЛГАТАЙ БОЛГОВ-
Бүтэхгүй болонгуут нь Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэхь заалтыг ашиглан "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх" гэсэн тогтоолын төслийг өнөөдөр /2025.05.28/ УИХ-д өргөн барих гэж байна.
Ингэхдээ Хамтарсан Засгийн газартайгаа ажиллах хүсэлтэй байна гэх агуулгыг хүртэл шингээх аж.
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хурал зарлагдсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурлын шийдвэрээ албан ёсоор танхимын сайд нартаа танилцуулж, "хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслөө батлан, УИХ-д өргөн барина. Тогтоолын төслийг маргааш /2025.05.29/ намын бүлэг, байнгын хороогоор баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товлоод байна. Эцэст нь УИХ-ын гишүүд түүнд итгэл үзүүлэх эсэхээр саналаа өгөх нь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд илээр санал хураалгах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ үүнийг УИХ-ын дарга шийднэ.
Угтаа бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт түүнийг дуудаж уулзаад "Өөрөө өргөдлөө өгчих. Танай Засгийн газар нийгмийн дэмжлэггүй байна" гэсэн. Энэ хэлцлээс Л.Оюун-Эрдэнийн мурих магадлалыг тооцож бүр Бага хурал руугаа оруулж улс төрийн шийдвэр гаргуулсан. Олон нийт ч орлогоо нотлоод огцроод өг "Огцрох амархан" гэсэн.
Гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ эцсээ хүртэл гүрийж өөрөө ёс зүйн хариуцлага хүлээх цэг дээр асуудлыг өөхөнд боож, өөр өнгөөр будаад Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэхь заалтыг ашиглан "Өөртөө итгэл хүлээлгээч" гэх агуулгаар өөрчлөх гэж байна. Энэ өдрүүдэд УИХ-ын гишүүдийн кнопыг хуваах, худалдаж авах бүх яриа тохироо хөшигний ард явагдаж байгаа бөгөөд эцэстээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэн нь хүчтэй, парламентад олон хүнтэй, сайн хайрцаглаж чадахаа үзэх тулаан л болж байна. Энэ цагт УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн фракц аль талд зогсох, хэнийг дэмжихээс бүх зүйл шалтгаална. Гэхдээ тэрбээр эцсийн мөчид цөөн хэдэн хүнээрээ л Ерөнхий сайдыг дэмжүүлэх болов уу.