Сүүлийн өдрүүдэд “Шинжиан Шинфа” XXK-ийн гүйцэтгэх захирал Сун Гуан Чуан бусдад залилуулсан гэх хэргийн талаарх мэдээлэл цацагдаж, тус мэдээлэлд нэр бүхий улстөрчдийн нэр холбогдоод байгаа.
Тиймээс бид уг хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад "Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” XXK-ийн захирал Сун Гуан Чуангаас “авто зам барих гэрээгээр тохиролцсон 62 сая ам долларыг бусдад залилуулсан” гэсэн гомдлыг 2023 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад ирүүлсэн байдаг.
Гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 3 удаа хэргийг хаах саналтай прокурорт ирүүлсэн. Уг хэрэгт хяналт тавьсан прокурор мөрдөгчийн саналыг хянаад, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэн, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж, мөрдөгчид буцаасан байдаг.
Мөрдөх байгууллагаас хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа явуулж, өнгөрсөн оны есдүгээр сард хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн, хаах санал гаргаж Нийслэлийн прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар мөрдөгчийн саналыг үндэслэлтэй байна гэж дүгнэн, өөрийн дотоод итгэлээр 2025 оны есдүгээр сард “гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, эд хөрөнгийн маргаан” гэж үзэн, хэргийг хааж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь холбогдогч талууд иргэний журмаар шүүхэд хандах эрх нь нээлттэй" гэдгийг тодотголоо.