Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дэлгэрцогт, Адаацаг сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, малчидтай уулзаж байна.
Уулзалтад Дэлгэрцогт сумын Засаг дарга М.Баярсүх, Адаацаг сумын Засаг дарга Ж.Батхөлөг, Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Дундговь аймгийн газрын дарга Т.Тэмүүжин, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Д.Бямбадорж нар оролцож, малчид, иргэдтэй уулзан мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо.
Малчдын зүгээс өвөлжилтийн хүндрэл, малын тэжээл, холбоо, сүлжээний хүртээмж, өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэх болон оготно устгалын асуудлыг зохицуулах, мал эмнэлгийн үйлчилгээ, малын бичиг авахад хүндрэлтэй байгаа нөхцөл байдал, бэлчээр хаших асуудал, малчдын нийгмийн даатгалыг нөхөн төлөх асуудал ямар шатанд байгаа эсэх , хамтын ажиллагаатай байдаг ӨМӨЗО-ны мужуудад туршлага судлуулах үйл ажиллагаанд сумдын малчдыг хүртээмжтэй хамруулан эргэн малчидадаа тайлагнадаг байх, сүү, цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүн борлуулах байнгын цэгийг замын дагуу байгуулах шаардлагатай байгаа талаар болон залгаа сумдын хил заагийн маргааны асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг тавьж байв. Аймгийн Засаг дарга цаг үеийн мэдээ, аймгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний мэдээллийг хүргэж, малчдын асуултад хариулан, тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх, холбогдох байгууллагуудтай хамтран тодорхой арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлээд, хүнд цаг үед малчдынхаа дэргэд байж, бодит шийдэлд чиглэсэн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх нь бидний үүрэг юм гэдгийг онцоллоо. Мөн уулзалтын үеэр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрэл, дотрын эмч Ч.Уранбайгаль малчдад эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгөн шаардагдах эм хангамжийн тусламж үзүүлэв.