Согтуурсан, мансуурсан эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн хэргийг Дээд шүүх хянан хэлэлцжээ

Согтуурсан, мансуурсан эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн хэргийг Дээд шүүх хянан хэлэлцжээ

Шүүгдэгч Ц.Г нь Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасуулсан үедээ Төв аймгийн нутаг дэвсгэрт Subaru Forester загварын **** улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчид согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн хэрэгт холбогджээ.

АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЭД: Ц.Г-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЭД: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Ц.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Ц.Г-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

МАГАДЛАЛЫГ ЭС ЗӨВШӨӨРЧ ПРОКУРОРООС ДАРААХ АГУУЛГА БҮХИЙ ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧЖЭЭ: Магадлалын гол үндэслэл нь цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн жолоочийг зогсоох арга хэмжээ авах үедээ албаны хувцас хэрэгслийг зохих журмын дагуу хэрэглэсэн эсэх байдал нь эргэлзээтэй, зохих журмын дагуу зогсоох арга хэмжээ авсан эсэхийг энгэрийн камерийн бичлэгээр тогтоогоогүй байна. Энэ нь шүүгдэгчийг цагдаагийн алба хаагч зогсоох арга хэмжээ авч байна гэдгийг мэдсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэн цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэжээ.

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЭД: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэснийг хууль зүйн хувьд буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.