БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төслүүдийг хугацаанд нь дуусгахаар тохиролцжээ

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төслүүдийг хугацаанд нь дуусгахаар тохиролцжээ

БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг арваннэгдүгээр сарын 24-нд БНСУ-ын Экспорт-Импорт банкны Ерөнхийлөгч Хван Ги Ёнтой уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр БНСУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” болон “Баянголын амны орон сууцны хороолол” барих төслүүдийг онцолсон байна. Эдгээр төсөл нь Улаанбаатар хотын нийтийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг сайд Б.Батцэцэг тэмдэглэж, төслүүдийг төлөвлөсөн хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төслийн талаар ярилцжээ. Талууд өмнө нь хамтран байгуулсан “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн туршлагад тулгуурлан шинэ төвийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахын зэрэгцээ эмнэлгийн менежмент, үйл ажиллагааны тогтвортой байдал, хүний нөөцийн бэлтгэлд анхаарч ажиллаж байгааг сайшаасан байна.

Уулзалтын төгсгөлд БНСУ-ын Экспорт-Импорт банкны Ерөнхийлөгч Хван Ги Ён Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулж, цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тус банк 2019 онд Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулсан бөгөөд хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна.




Маргааш ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ