Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Хууль зүй дотоод хэргийн яамнаас Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг Засгийн газарт танилцуулж, дэмжээд, энэ долоо хоногийн баасан гарагт хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон тухай ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн мэдээллээ. 

Тэрбээр "Бидний хувьд өнөөдөр авлигын гэмт хэрэгтэй тэмцэхдээ зөвхөн гэмт хэрэг илрүүлэх төдийгөөр хязгаарлахгүй харин тогтолцоогоор нь харж, суурь өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хүрээнд татварын тайлагнал болон буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг Сангийн яамтай санал солилцож, үзэл баримтлалын түвшинд боловсруулж байна.

Өнөөгийн тогтолцоогоор хувь хүний орлогын албан татварын жишээн дээр авч үзэхэд цалин, орлого олсон хүн татвараа тайлагнах эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал байхгүй учраас төдийлөн тайлагнадаггүй тохиолдол бий. Үүнээс үүдэн тухайн хүний олсон орлого, төлсөн татвар, хэрэглээ хоорондоо нийцэхгүй асуудал гардаг. Тэр дундаа нийтийн болон улс төрийн албан тушаалтнуудын хэрэглээ нь орлоготойгоо нийцэхгүй байна. Энэ хүн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн юм биш үү, авлигын гэмт хэрэгтэй холбоотойгоор эд хөрөнгө олж авсан юм биш үү гэсэн шүүмжлэл олон нийтээс гардаг.

Өнөөдрийн хөрөнгө, орлогын мэдүүлэг буюу ХОМ нь авлигаас сэргийлэх арга хэрэгсэл болж бүрэн дүүрэн чадахгүй байна. Тиймээс татварын тайлагналын олон улсын зарчмуудыг Монгол Улсын татварын тогтолцоонд нэвтрүүлэх шаардлагатай. Олон улсад, тухайлбал Америк, Австрали, Япон зэрэг улсад хүн хууль ёсны орлого олсон бол татвараа төлж, тайлангаа хүргүүлдэг. Үнэн зөв тайлагнасныхаа дагуу төрөөс урамшуулал авч, татварын буцаан олголт авдаг тогтолцоо бий.

Таны орлого хууль ёсных бол татвараа төл, тайлагна, тэгээд урамшуулал, буцаан олголтоо ав гэдэг үндсэн суурь систем байгаа юм. Татвараас зайлсхийсэн бол тухайн хүн хуулийн дагуу хариуцлагаа хүлээж, татварын өр төлбөрөө төлдөг байх ёстой. Харин хууль бус орлого олсон бол тэр орлогыг нь илрүүлж, хураан авч, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг олон улсын практик, жишиг зарчим байдаг.

Бид энэ сайн туршлагыг улс орондоо нутагшуулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Өнөөдөр үүнийг хэрэгжүүлэх боломж бүрэн байна. НӨАТ-ын систем, E-Mongolia, блокчэйн технологи ашиглаад авлига, хууль бус орлогыг илрүүлэх, хянах, татвар, санхүүгийн хяналтын системийг бүрдүүлэх боломжтой. Ингэснээр иргэдийн орлого албан ёсоор бүртгэгдэнэ. Банк, санхүүгийн байгууллагаас зээл авах, хөрөнгөө барьцаалах үед тухайн хүний зээлийн болон орлогын түүхээр дамжин хянагдах боломж бүрдэнэ. Татварын бүртгэлжүүлэлт сайжирч, татвараар дамжин төр иргэнтэйгээ холбогдох гүүр бий болно. Нөгөө талдаа авлигаас сэргийлэх, далд эдийн засгийг хумих боломж бүрдэнэ. Том зургаараа Монгол Улсын авлигын индекс дээшилж, татварын бааз суурь нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа. Бид татварын тайлагнал болон буцаан олголтын энэ суурь зарчмыг Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөлд тусгаж өгсөн. Харин татварын харилцаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг Сангийн яам, Татварын ерөнхий газар цаашид боловсруулж ажиллах шаардлагатай" хэмээлээ.