“Тавантолгой түлш” ХХК өвлийн оргил ачааллын үеэр иргэдэд учрах чирэгдлийг бууруулж, түлшний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор арванхоёрдугаар сараас эхлэн айл өрхүүдэд 14 хоногийн хэрэгцээний шахмал түлшийг нэг удаагийн худалдан авалтаар олгохоор төлөвлөжээ.
Тус компанийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар 48.1 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна. Мөн нийслэлийн төвийн долоон дүүргийн бүх хороонд нийт 448 гэрээт борлуулалтын цэг тогтмол ажиллаж, гэр хорооллын 182.5 мянган өрхийг түлшээр хангаж байгаа аж. Үүнээс гадна эрэлт нэмэгдсэн үед ашиглах 54 нөөц борлуулалтын цэгийг бэлтгэжээ. Иргэд өөрт ойр байрлах борлуулалтын цэгээс “Хотула” (HOTULA) аппликейшн болон иргэний үнэмлэхийн арын QR кодыг ашиглан түлш худалдан авах боломжтой. Долоо хоногт долоон шуудай түлш хэрэглэдэг өрхийн хувьд арванхоёрдугаар сараас 14 хоногийн хэрэгцээ буюу 14 шуудай түлшийг нэг дор авах нөхцөл бүрдэх юм. Ингэснээр түлшний төрлөөс хамааран хоёр долоо хоногийн нөөцөө 52.500-70.000 төгрөгөөр бүрдүүлэх боломжтой.