Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хуралдаанд АН-ын гишүүд ОРОЛЦСОНГҮЙ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хуралдаанд АН-ын гишүүд ОРОЛЦСОНГҮЙ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаанд АН-ын  гишүүд оролцсонгүй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "МУ-ын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т УИХ-ын гишүүнийг иргэд шууд сонгоно гээд орчихсон байгаа. Энэ заалт огт хөндөгдөөгүй. Саналаа нууцаар гаргаж, 4 жилийн  хугацаатайгаар сонгоно гэсэн заалт өөрчлөгдөөгүй" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна уу гэвэл үгүй байна. Монголд 511 шүүгч байна. Гэтэл 376 шүүгчтэй холбоотой 234 гомдол гарсан байна. Тэгэхээр 511 шүүгчийн гаргасан хоёр шийдвэрийн нэгд нь иргэд гомдолтой үлдэж байна гэсэн үг. Ийм байж МУ-д шударга шүүх тогтох уу. ХОМ-ээр шүүгчид хамгийн их хөрөнгөтэйгээр шалгарч байна. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр МУ-д шударга, хараат бус шүүхийг яаж бий болгох вэ. Яаж мэдлэгтэй, чадвартай, авлигад идэгдээгүй шүүгчидтэй болох вэ"

ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Одоогийн Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгчийг ШЕЗ-өөс УИХ-д танилцуулна. Бусад шүүгчийг ШЕЗ-өөс санал болгосноор МУ-ын Ерөнхийлөгч томилно гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл, ШЕЗ сонгон шалгаруулалтаа явуулдаг. Яаж явуулдаг, ямар шаардлага тавьж, хэрхэн сонгон шалгаруулж байгаа нь тодорхой бус. Тэрийг нь Ерөнхийлөгч нэг бол томилдог. Нэг бол татгалздаг. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг ярилцаад, шалгуур шаардлагыг тодорхой болгоё. Ерөнхийлөгч томилдог биш. Батламжилдаг болоё. Ямар тохиолдолд татгалзах уу, яаж нийтийн сонсгол явуулах уу зэрэг олон нийтэд нээлттэй, хараат бусаар үйл ажиллагаа явуулах зарчмыг баримталж ажиллах бололцоог хангах чиглэлээр тодорхой заалт оруулсан" гэв. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.