ОХУ-ын Тува улсын иргэд манай улсын хилийг хууль бусаар нэвтэрч, малчын малыг хулгайлах тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл ОХУ-ын хилийг хууль бусаар нэвтэрч, Тува иргэний малыг хулгайлсан гэх хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс хорих ял сонсоод байсан Монгол Улсын иргэнийг хэргийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгожээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн И.Э гэх эрэгтэй нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор Монгол Улсын хилийн дугаар тэмдэгтийн баруун талд 500 орчим метрийн зайд улсын хилийн торон саадыг таслан ОХУ-ын тал руу зохих зөвшөөрөлгүй нэвтэрч, ОХУ-ын Тува Улсын иргэний 4,6 сая төгрөгийн үнэ бүхий гурван тооны адуу, мөн тус улсын иргэний 3,3 саяын үнэ бүхий гурван тооны адуу гээд нийт 6 тооны буюу олон тооны бод малыг хулгайлан Монгол Улсын хилийн дугаар тэмдэгтийн баруун талд 500 орчим метрийн зайд нэвтрүүлж, бусдад 7,9 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байгаа юм. Мөн Монгол Улсын иргэн Д.Г нь И.Э-гийн ОХУ-ын Тува Улсаас хулгайлж, хилээр оруулж ирсэн гэх адуунуудыг худалдан авсан гэх хэрэгт холбогдсон байна.
Улмаар тухайн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар буюу мал хулгайлах, улсын хилийг хууль бусаар нэвтрэх, мөнгө угаах гэсэн зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Харин шүүх тус хэргийг хэлэлцээд И.Э-ийн мал хулгайлах гэмт хэрэгт 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, улсын хил хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, харин хулгайн малыг худалдан авсан гэх хэрэгт холбогдсон Д.Г-д 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байгаа юм.
Шүүх хуралдааны үеэр И.Э нь "Өөрийгөө хулгай хийж байна гэж бодоогүй, улсын хилээр олон тооны адуу орж ирснийг Д.Г худалдан авъя гэсэн учир дөхүүлж өгсөн" хэмээн мэдүүлж байсан бол Д.Г нь "Өөрийн адууныхаа удам угшлыг сайжруулах зорилгоор би авъя гэх саналыг тавиад, тухайн малыг авч, өөртөө байлгаж байсан" хэмээн мэдүүлж байжээ.
Тиймээс дээрх нэр бүхий хүмүүс нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдснаар Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тус хэргийг дахин хэлэлцэхээр болжээ.
Давж заалдах шатны шүүх дээрх магадлалыг гаргахдаа "Анхан шатны шүүх шүүгдэгч И.Э-г Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хохирогч нар /тува иргэд/-ын зургаан тооны адууг хулгайлах гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхдээ нотлох баримтад үндэслээгүй, мөн прокуророос шүүгдэгч Д.Г-ын үйлдэлд мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй" байна хэмээн үзжээ.