Энэтхэг улс Дэлхийн тойрог замд өгөгдөл боловсруулах төвүүд байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх зорилгоор тус улсын сансрын технологийн салбарын гарааны компани болон Андхра-Прадеш мужийн эрх баригчид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан тухай “ТВ БРИКС” мэдээлжээ.
“Ньюс9” сувгаар мэдээлснээр, уг төслийн хүрээнд сансарт хөөргөсний дараа Дэлхийн тойрог замд үлддэг пуужингийн дээд угсрааг тооцоолох төхөөрөмжүүд байрлуулах зориулалтаар өөрчлөн тоноглохоор төлөвлөж байна. Эдгээр төхөөрөмж нь хиймэл оюуны технологи ашиглан хиймэл дагуулаас ирсэн мэдээллийг боловсруулах хүчин чадалтай байх аж. Харин пуужингийн доод угсраа нь Дэлхийд буцан газардах бөгөөд дахин ашиглах юм.
Андхра-Прадеш мужид шинээр байгуулах дэд бүтэц нь Тамилнад мужид одоо ашиглаж буй байгууламжуудтай уялдан ажиллаж, тэдгээрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Ингэснээр Энэтхэг улс хиймэл дагуулуудыг Дэлхийн янз бүрийн тойрог замд байрлуулах боломж бүрдэж, тус улсын сансрын салбарын үйл ажиллагаа өргөжих ажээ. Одоогоор уг төслийг боловсруулж байгаа ба тоног төхөөрөмжийг сансрын цацрагаас хамгаалах, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, хөргөлтийн систем зохион бүтээх зэрэг техникийн хэд хэдэн гол асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.