Канадын нийслэл Оттава хотод болсон парламентын сэтгүүлчдийн жил бүрийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Канадын Ерөнхий сайд Марк Карни АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дүрд хувирсан хошин шогийн жүжигчнийг тайзан дээр урьж, хоёр улсын харилцаа болон худалдааны хэлэлцээрийг хошигнон шүүмжилжээ.
Трампын дүрийг Канадын жүжигчин Марк Критч бүтээсэн бол Марк Карнигийн дүрийг жүжигчин Марк МакКинни бүтээсэн байна. Марк Карни илтгэлийнхээ үеэр "хошин шогийн товч" дарж байгаа мэт жүжиглэсний дараа Трампын дүрд хувирсан жүжигчин тайзан дээр гарч иржээ. Тэрбээр Трампын алдарт бүжгийн хөдөлгөөнийг дуурайн "Энд хоёр Карни байна гэдэг сүйрэл гэсэн үг. Би маш алдартай болохоор АНУ-д асар том цэнхэр давалгаа боллоо" хэмээн хошигнож улс төрийн нөхцөл байдлыг хөнгөн шүүмжисэн байна. "Цэнхэр давалгаа" гэдэг нь Ардчилсан намын ялалтыг илэрхийлдэг улс төрийн хэллэг юм. Тэр АНУ, Канадын хооронд үргэлжилж буй худалдааны хэлэлцээрийг ч элэглэсэн байна. Тэрээр "Бид гайхалтай гэрээ хийнэ. Гэхдээ нэг л саад байна. Тэр нь би өөрөө. Учир нь би галзуу хүн" гэжээ. Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн өөрчлөлт болон Канад дахь АНУ-ын Элчин сайдын нэр хүндийн талаар тоглоом хийв.
Энэ үеэр Ерөнхий сайд Марк Карни тайзан дээр инээж байсан бөгөөд өөрөө ч хэд хэдэн егөөтэй үг хэлжээ. Тухайлбал "Би Цагаан ордны дугуй танхимд хүртэл ганцаараа орж үзсэн. Тэнд зөвхөн шинэ дотоод засал чимэглэгчтэй нь хамт байсан. Маш эвгүй тухгүй мэдрэмж авсан" хэмээн хэлсэн нь Трампыг егөөдсөн хэрэг байв.
Марк Критч, Марк МакКинни нар Канадын алдарт хошин нэвтрүүлэгт тоглодог бөгөөд сүүлийн үед Трампын засаг захиргааг элэглэсэн богино дүрсүүд нь сая сая хандалт авч, Америкийн томоохон хэвлэлүүдийн анхаарлыг хүртэл татжээ. Харин энэ удаагийн тоглолт нь Канадын улс төрчид жил бүрийн сэтгүүлчдийн хүндэтгэлийн оройн зоогийн үеэр бие биеэ хошигнон шүүмжилдэг уламжлалын нэг хэсэг байсан юм.