Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өчигдөр /2026.11.23/ УИХ-ын гишүүн А.Ганбаатар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар иргэний өдөр тутмын хэрэглээнд ашиглаж буй нэг авто зогсоол болон олон тоогоор өмчилж, түрээс, хөрөнгө оруулалт, бизнесийн зориулалтаар ашиглаж байгаа авто зогсоолын татварыг ялгамжтай авч үздэггүй байна. Амжиргааны өртөг нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадварт дарамт учирч буй энэ үед татварын бодлогоор өрхийн үндсэн хэрэглээ болон хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ялган үзэх шаардлагатай гэж үзжээ.
Хуулийн төсөл нь Монгол Улсын иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх агуулгатай юм. Энэ талаар төсөл санаачлагч А.Ганбаатар гишүүн онцолсон байна. Татварын ерөнхий газрын урьдчилсан тооцоогоор иргэн бүрийн өмчлөлд байгаа авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд 57,453 үл хөдлөх эд хөрөнгө хамрагдаж, 20.8 тэрбум төгрөгийн татварын ногдол хөнгөлөгдөхөөр байгаа аж.
Хуулийн төслөөр авто зогсоолыг нийтээр нь татвараас чөлөөлөхгүй. Харин иргэн хоёр болон түүнээс дээш авто зогсоол өмчилж байгаа тохиолдолд өөрийн сонгосон нэгийг чөлөөлж, бусад зогсоолын татварыг хэвээр төлөх зохицуулалт тусгажээ. Түүнчлэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа авто зогсоол уг чөлөөлөлтөд хамрагдахгүй юм. Автомашиныг зориулалтын зогсоолд байрлуулах нь нийтийн эзэмшлийн болон явган хүний зам, талбайг зориулалтын бусаар ашиглах явдлыг бууруулах ач холбогдолтой. Иймээс зориулалтын авто зогсоол ашиглахыг хот байгуулалтын бодлогоор дэмжихийн зэрэгцээ өрхийн хэрэглээний нэг авто зогсоолд татварын хязгаарлагдмал чөлөөлөлт үзүүлэх нь бодлогын хувьд нийцтэй гэж хуулийн төсөл санаачлагч үзжээ.