Б.Ган-Очир: Хэрэв энэ жил дахин нэг иргэн угаартаж нас барвал Хотын дарга Б.Пүрэвдагва хариуцлага хүлээх ёстой

Б.Ган-Очир: Хэрэв энэ жил дахин нэг иргэн угаартаж нас барвал Хотын дарга Б.Пүрэвдагва хариуцлага хүлээх ёстой

Ардчилсан нам ээлжит 4:11 мэдээллийн хөтөлбөрөө хүргэлээ. 

Өнөөдөр УИХ-ын гишүүн А.Ганбаатар "Иргэний өмчлөлийн автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэгийг нь татвараас чөлөөлөх" хуулийн төслөө танилцуулсан юм. 

Үргэлжлүүлэн Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир "Нийслэлийн МАН-ын даргаар нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва сонгогдон томилогдсон. Нутгийн өөрөө удирдах ёсыг уландаа гишгэж, иргэдээс огт сонгогдоогүй хүнийг МАН-ын цагаан байрнаас томиллоо. Б.Пүрэвдагва өнөөдөр Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг гээд нийслэлийн дүүргүүдэд Үндсэн хуулийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болох нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг дахин зөрчиж, хүчээр томилгоо хийж эхэллээ. Энэ ч яах вэ, авлига, албан тушаалд амташсан МАН-ын хийж сурсан ажил. Энэ байдал сүүлийн 10 жил гаарсан. Хамгийн чухал нь бидэнд байгаа мэдээллээр 2019 оноос хойш буюу сүүлийн долоон жилийн хугацаанд 900 гаруй нийслэл Улаанбаатар хотын иргэн сайжруулсан нэртэй шахмал түлшинд угаартаж нас барсан байна. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ. Энэ асуудал хаанаас эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Улаанбаатар хотод 2019 онд Толгойтод, дараа нь Налайхад гээд хоёр сайжруулсан түлшний үйлдвэр барьсан. Энэ сайжруулсан түлшний үйлдвэр өнөөдөр бидэнд хоёр их наяд төгрөгийн өр үлдээгээд, Толгойтын үйлдвэр нь хаагдчихсан. Налайхынх нь дутуу ажиллаж байх шиг байна.  Дээрээс нь Улаанбаатар хотын иргэдийн татварыг аваад жил бүр 300 тэрбум төгрөгөөр Хятадаас хагас коксон түлш авч байна. Энэ нь дахиад МАН-ын өөрийнх нь бизнес болсон. Хэрэв энэ жил дахин нэг иргэн угаартаж нас барвал  Хотын дарга Б.Пүрэвдагва хариуцлага хүлээх ёстой" хэмээн ярилаа.