Улсын дээд шүүхийн 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар “Акуа гарден” гэх тодотголтой “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн зарим хэсгийг хууль бус байсныг тогтоожээ.
Тодруулбал, тус НҮТББ-аас нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх газрын гурван нэгж талбарын хоёрынх нь Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхцсан хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.
Харин Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох үлдсэн нэгж талбарын Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхцсан хэсгийг мөн хууль бус байсныг тогтоосон байна. Магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээжээ.
Шүүхээс нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1111 дүгээр захирамжаар 2013 онд ногоон байгууламжийн зориулалтаар олгосон 11.8 га газрын хэмжээ, зориулалтыг өөрчилсөн нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Уг захирамжаар 29,444 м.кв газрыг үйлчилгээ, 79,875 м.кв газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор, 2,642 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар өөрчилжээ. Ингэснээр “Онч шийдэл” НҮТББ-ын нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гаргасан нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг Улсын дээд шүүх хангаж шийдвэрлэв.