Ерөнхий сайд асан Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газрын элчийн хувиар Малайзын нийслэл Куала-Лумпур хотод ажиллаж, тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн ар гэрт Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй дэмжлэгийг илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолжээ.
Энэ үеэр тэрбээр Ш.Алтантуяагийн амь нас хохирсон хэрэгт шударга ёсыг тогтоохын төлөө Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 жилийн хугацаанд Малайзын Засгийн газартай дипломат болон эрх зүйн сувгаар хамтран ажиллаж ирснийг дурдлаа. Тэрбээр “2006 оны аравдугаар сарын 19-нд Монгол Улсын иргэн Малайзын нутаг дэвсгэрт онц хэрцгийгээр амь насаа алдсан. Тэрээр дөнгөж 28 настай, аав ээжийн охин, хоёр бяцхан хүүгийн ээж байлаа. Энэ хугацаанд түүний аав С.Шаарийбуу шударга ёсны төлөө тууштай тэмцсээр ирсэн” гэв.
Г.Занданшатар "Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт хоёр хүнийг буруутайд тооцож, ял шийтгэсэн бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа аж. Мөн ар гэрийнхэн нь Малайзын иргэний шүүхэд нэхэмжлэл гарган эрхээ хамгаалж ирсэн. Улмаар 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд Шах Аламын Дээд шүүхээс Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж, хариуцагч талуудад нийт таван сая малайз ринггитийн нөхөн төлбөрийг ар гэрт нь олгохоор шийдвэрлэсэн байна. Монголын тал уг шийдвэрийг хууль ёсны, шударга шийдвэр гэж үзэж байв. Гэвч 2026 оны нэгдүгээр сарын 20-нд Малайзын Давж заалдах шатны шүүхээс тус улсын Засгийн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. Үүнд Монгол Улсын Засгийн газар гүнээ харамсаж байна" хэмээлээ.
Тэрбээр “Энэ хэрэгт Малайзын төрийн цагдаагийн алба хаагчид оролцсон учраас олон улсын хууль эрх зүйн зарчмын дагуу Малайзын Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна. Бидний тавьж буй хамгийн гол шаардлага бол шүүх ажиллагааг шударгаар явуулах явдал юм” хэмээн мэдэгдэв. Мөн уг хэргийн хүрээнд шинээр ил болсон баримт бичгүүдийг дахин шалгаж, шүүхийн шийдвэрийг улс төрөөс хараат бусаар гаргахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Монгол Улсын Засгийн газар Малайзын шүүх байгууллагуудын гаргасан шийдвэрийг хүндэтгэж байгаа ч шударга ёсыг тогтоох асуудлаар байр сууриа илэрхийлсээр байх болно гэв.
Түүнчлэн "Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу гуай 20 жилийн турш охиноо алдсан хэргийн талаар нэг ч удаа “Уучлаарай” гэсэн үг сонсоогүй. “Охиноо алдсан аавын өмнөөс та бүхэн төсөөлөөд үзээрэй. Тиймээс би дипломат шугамаар энэхүү шаардлагыг Малайзын Засгийн газарт тавьж байна. Мөн Австралид байгаа гэрчээс мэдүүлэг авах, түүнийг Малайзад хууль ёсоор авчрах нөхцөлийг бүрдүүлэх, өмнө нь шалгагдаагүй баримтуудыг хуулийн байгууллагаар шалгуулж, ар гэрийнхэнд нь мэдээлэх, шүүхийн явцын талаар Монгол Улсад албан ёсоор бичгээр мэдэгдэхийг шаардлаа. Түүнчлэн “Ш.Алтантуяагийн нэр төрийн төлөө” олон улсын цахим гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдэгдсэн юм.