АНУ-д арваннэгдүгээр сарын 3-нд болсон завсрын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуулиар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 435 суудал, Сенатын 100 суудлын 35-ын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд 36 мужид амбан захирагчийг сонгох юм.
Тэгвэл яг одоогийн байдлаар Төлөөлөгчдийн танхимын 435 суудлын болон Сенатын 35 суудлын төлөөх өрсөлдөөнд ялагч хараахан зарлаагүй байна. Энэ удаагийн сонгуулиар Бүгд найрамдах нам Конгрессын хоёр танхим дахь олонх байр сууриа хадгалахыг зорьж байгаа бол Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд гурван суудал, Сенатад дөрвөн суудлын цэвэр өсөлт авч байж олонх болох боломжтой.
Associated Press агентлагийн мэдээлснээр сонгуулийн өмнө 59 сая орчим хүн урьдчилан саналаа өгсөн бөгөөд сонгогчдын анхаарлыг эдийн засаг, инфляц, амьжиргааны өртөг болон ардчиллын нөхцөл байдал голлон татжээ. Мөн сонгогчдын дунд Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогод сэтгэл дундуур байгаа хүмүүс олон байгааг тус агентлагийн сонгуулийн өмнөх судалгаанд дурдсан байна. Хэрэв Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болбол Трампын засаг захиргааны хууль тогтоох санаачилгад хяналт тавих, мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломж нь нэмэгдэнэ. Харин Сенатын олонхийг авбал Ерөнхийлөгчийн томилгоо, хууль тогтоомжийг батлах үйл явцад илүү хүчтэй нөлөөлөх юм.